Нүүдлийн гэр цэцэрлэг эрэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-11 10:52:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Нарангийн тавдугаар багийн төвд улирагч сараас 24 цагийн "Гэрэл" нүүдлийн гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлжээ.

Өдгөө тус цэцэрлэг мал өрхийн 25 хүүхэд сурч хүмүүжиж байна. "Ийм цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага сумдад тун эрэлттэй байдаг нь цэцэрлэг нээснээс хойшхи энэ хугацаанд бүрэн харагдаж байна. Малчдын хүүхдүүдэд зориулсан Нүүдлийн гэр цэцэрлэг байгуулагдсанаар сумын төвийн цэцэрлэгт тэр бүр хамрагдах боломжгүй хүүхдүүд бусдын жишгээр сургуулийн өмнөх боловсролыг төвөггүй эзэмшиж, цаашид сурч хөгжих бүрэн боломж бүрдэж байгаа юм. Энэхүү цэцэрлэг нь цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, илүү олон малчин өрхүүдийн хүүхдийг хамруулахаар зорьж байгаа"-г сумын удирдлагууд онцлов.

Малчин эцэг эхчүүд ч цэцэрлэгийн үйл ажиллагаанд маш сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн. Мал төллөж буй ид ачааллын үед бага насны хүүхдээ гэртээ цоожлох, эсвэл худаг руугаа, малдаа явахдаа хүүхдээ тэвэрч явах зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулдаг байсан бол тогтмол хоол ундтай, дулаахан тав тухтай орчинд хүүхдээ асруулж байгаадаа баярласнаа илэрхийлж байсан.

Сонирхуулахад, "Гэрэл" нүүдлийн цэцэрлэгийг нээж ажиллуулахад нутгийн иргэд хандив тусламж үзүүлжээ. Тухайлбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин үнэ бүхий тоглоомууд, сумын 3дугаар багийн малчин А.Аравжив 100 мянган төгрөг, малчин М.Баатархуяг 100 төгрөг, Д.Төмөрсүх 50 мянган төгрөг тус тус хандивласан байна.

                                                                                                                     Б.Мөнхзул

関連ニュース