Тан улсын шүлэг ба ардын үлгэр: Шинэ эхлэлийг тавих Си-Трампын түүхэн үүрэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-04-12 11:58:55

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын саяхан хийсэн Дээд хэмжээний уулзалтын талаар Японы “Nikkei Asian Review” сонины тоймч Кацүжи Наказавагийн бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

ПАЛМ-БИЧ. /Nikkei/. Өөрийнхөө гаргасан “том гүрнүүд”-ийн санаачилгын эхлэлийг тавих нь БНХАУ-ын дарга Си Зиньпиний хувьд АНУ Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх анхны нүүр тулсан уулзалтын эн тэргүүний зорилт байлаа. Гэхдээ урьдчилан тооцоолоогүй хэд хэдэн үйл явдал болсон нь Дээд хэмжээний уулзалтыг бүрхэгдүүлж орхисон юм.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой Си болон түүний гэргий Флорида муж улс дахь Д.Трампын “Мар-а-Лаго” амралтын газарт хүрэлцэн ирсэн юм. Тэнд хэдийн зун болж, өдөрт цельсийн 30 хэмд хүрч халж байлаа. Оройн зоогийн үеэр Д.Трампын зээ охид тэдэнд хятад ардын дуу дуулж, Хятадын Тан улсын шүлэг уншиж өгчээ.

Тэднийг “Мар-а-Лаго”-д зугаацаж байхад АНУ-ын зэвсэгт хүчин Сирийг бөмбөгдөж байлаа. Оройн зоог барьж дууссанаар Д.Трамп Сид энэ ажиллагааны талаар ярив.

Сид тун эвгүй мэдрэмж төрсөн нь гарцаагүй. Д.Трампт мэхлэгдсэн мэт мэдрэмж түүнд төрсөн байх.

Дэлхийн улс төрийн хамгийн эмзэг бүсэд пуужингаар цохилт өгөхийг үүрэг болгосон Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хажууд Си пуужингийн цохилтын талаар юу ч мэдэхгүй зүгээр л инээмсэглээд, юм яриад сууж байсан юм.

Сирийн баазад пуужингаар цохилт өгөх цаг хугацааг маш нарийн тааруулжээ. Ситэй Дээд хэмжээний уулзалт хийхийнхээ өмнөхөн Д.Трамп “АНУ Умард Солонгосын эсрэг дангаар цэргийн ажиллагаа явуулах болно” гэсэн юм. АНУ-БНХАУ-ын Дээд хэмжээний уулзалт болохоос хэдхэн өдрийн өмнө Пхеньян ээлжит пуужингийн туршилтаа хийсэн билээ. Ситэй уулзаж байхдаа Сирид цохилт өгсөн нь “пуужингийн болон цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ зогсоо” гэж Пхеньяныг ятгуулахаар Хятадад шахалт үзүүлэх оролдлого гэдэг нь илэрхий байна.

Оройн зоогийн үеэр Д.Трампын Сид гаргасан зохисгүй хандлагыг улс төрийн аллага хийх бүтэлгүй оролдлогын тухай өгүүлдэг эртний Хятадын “Хун хаалганы зоог" гэдэг ардын үлгэртэй харьцуулж буй Хятадын интернэт хэрэглэгчид олон байна. Хан гүрний удирдагч болох гэж байсан жанжин Лю Бан өрсөлдөгч болох Сян Юйгаас хамт зоог барих урилга хүлээн авдаг бөгөөд зоогийн үеэр хөлсний алуурчин сэлэмтэй бүжиг хийж байгаад Лю Баныг хөнөөхийг оролдоно, харин аз болоход жанжин Лю тэндээс зугтаж чаддаг тухай энэ үлгэрт өгүүлдэг юм.

Сигийн хувьд эхлээд “Мар-а-Лаго”-д очих нь анхнаасаа эрсдэлтэй алхам байсан. Нэр төрөө дээдэлдэг БНХАУ шиг улсын төрийн тэргүүн тангараг өргөөд ердөө 76 хонож байгаа Америкийн Ерөнхийлөгч дээр эхлээд очно гэдэг бол маш ховор тохиолдол юм.

Гэхдээ ингэж яарч очих нэг бус шалтгаан байсан нь мэдээж.

Нэгдүгээрт, эдийн засаг. Дэлхийн худалдааны байгууллагад 16 жилийн өмнө элссэнээс хойш Хятад улсын эдийн засаг тогтвортой өсч, АНУ тэргүүтэй даяаршлын давлагааг хөлөглөсөөр ирсэн юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт нь саарсан бөгөөд хэрвээ Д.Трампын худалдааг хамгаалах байр суурь Хятад руу шууд чиглэвэл дэлхийн хамгийн олон хүн амтай тус улсын хувьд гадаад валют олох боломжоо алдана. Өөрөөр хэлбэл, дэлхийг хамарсан Хятадын стратегид аюул учирна гэсэн үг. Сигийн хувьд АНУ-тай харилцаагаа сайжруулах нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг юм.

Хоёрдугаарт, Хятадын дотоодын улс төр. Энэ намар болох намын их хурлын үеэр удирдлагын түвшинд халаа сэлгээ хийх гэж байгаатай холбоотойгоор Хятадын Коммунист намын гишүүд хоорондоо хэдийн тэмцэлдээд эхэлжээ. Цаашид удирдагчаар ажиллах боломжийг Сид олгохын тулд намын дүрмэнд өөрчлөлт орж магадгүй юм.

Сиг АНУ-д байх үеэр түүний авлигатай тэмцэх ажиллагааны хүрээнд нөлөө бүхий нэгэн албан тушаалтныг баривчилжээ. Хятадын АНУ руу чиглэсэн дипломат бодлого нь дотоодын улс төрийн бодлогын өргөтгөл хэсэг аж. Д.Трамптай хийсэн Дээд хэмжээний уулзалтын үр дүн бол энэ намар болох намын их хурлын үеэр дэмжлэг авах гол хөшүүрэг гэж Си тооцоолсон байж болох юм.

2013 оны зургадугаар сарыг эргэн санацгаая! Их гүрнүүдийн харилцааны “шинэ загвар”-ыг бий болгохын төлөө БНХАУ болон АНУ хамтран ажиллах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай Калифорни муж улсад Си анх уулзах үеэрээ  хэлж байв. Түүний энэ үг нь БНХАУ ба АНУ гэсэн хоёр улс буюу “Их-2” дэлхийд дэг журам тогтооно гэсэнтэй адил сонсогдож байлаа.

Аюултай зорилгын цаад санааг Обамагийн засаг захиргаа судалж үзээд, “шинэ загвар”-ын талаар дахиад огт дурсаагүй юм. Одоо Д.Трамп “Мар-а-Лаго”-д бус Цагаан ордонд байгаа учир Си Зиньпин “их гүрнүүдийн харилцаа” гэх булшлагдсан санаагаа амилуулахын тулд АНУ-ыг яаран зорьсон бололтой.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрсөн сард Хятадад айлчлах үеэрээ хоёр талын харилцааг “ямар ч зөрчилдөөнгүй”, “ямар ч сөргөлдөөнгүй” гэж тодорхойлсон юм. “Их гүрнүүдийн харилцааны шинэ загвар”-ыг тодорхойлохдоо Бээжин энэ үгсийг ашигладаг. Үүнээс үзвэл, Д.Трампын засаг захиргаа тухайн үед Хятадад буулт хийж байсан байж магадгүй.

Харин “Мар-а-Лаго”-д Д.Трамп Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсоны тодорхойлолтуудыг давтаагүй бөгөөд Ситэй хийсэн хоёр өдрийн Дээд хэмжээний уулзалтын дараа  АНУ-Хятадын харилцааны талаар шинэ үг цухуйлгаагүй юм. Тус хоёр улсын удирдагчид Дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл ч хийгээгүй, Хятадын тал хэвлэлийн бага хурал ч зохион байгуулаагүй билээ. Энэ бүхнээс үзвэл, Дээд хэмжээний уулзалтын үеэр тэд нэлээд санал зөрөлдөөнтэй байсан бололтой.

Сирийн агаарын цэргийн хүчний баазыг АНУ пуужингаар харваж байх үед болсон энэ дээд хэмжээний уулзалт нь дээр дурдсан эртний Хятадын үлгэртэй төстэй байна.

Тус хоёр улсын удирдагчид нэг юмаараа адилхан. Тодруулбал, тэдний улс төрийн уриа лоозон адилхан. Си “Хятад улсын хүч чадлыг сэргээж, аугаа гүрэн болгох”-ыг уриалдаг бол Д.Трамп “Америкийг дахин аугаа болгох” хүсэлтэй. Улс орноо хүчирхэг, аугаа болгох хүсэл эрмэлзэлтэй энэ хоёр “их гүрэн"-ий удирдагчид хоёр талын худалдаа зэрэг асуудлаарх санал зөрөлдөөн, зөрчилдөөндөө удахгүй цэг тавих биз ээ.

Шинэ эхлэлийг хүлээх хэрэгтэй болж байна.

Г.Доржханд

 

関連ニュース