Их Британийн парламент үйл ажиллагаагаа зогсоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-05-03 12:50:22
ЛОНДОН./TASS/. Их Британийн парламентыг өнөөдөр буюу 5 дугаар сарын 3-ны өдөр тараалаа. Тус парламентын үйл ажиллагаа орон нутгийн цагаар 00:01 цагт зогссон байна.

Тус улсад үйлчилж буй хуулиар бол парламент нь бүх нийтийн сонгууль болохоос ажлын 25 хоногийн өмнө татан буугдсан байх ёстой. Энэ удаад Ерөнхий сайд Тереза Мэй-гийн санаачилгаар бүх нийтийн сонгуулийг 6 дугаар сарын 8-нд явуулахаар товлосон билээ.

Өнөөдөр Ерөнхий сайд Тереза Мэй Хатан хаан Элизавета II-тай уулзаж, парламентыг тараах асуудлаар зөвшилцөх юм. Гэхдээ энэ нь ёс төдий, бэлгэдлийн чанартай зөвшилцөл аж.

Парламентыг тарааснаар доод танхим болох Нийтийн танхимын 650 суудал автоматаар сул болж байгаа юм. Депутат байсан хүмүүс ойрын хэдэн хоногийн хугацаанд Уэстминстрийн ордонд ирж, хувийн эд зүйлс, баримт бичгүүдээ авч, парламентын ордны дэд бүтцийг өнөөдрийн 17 цаг хүртэл ашиглах боломжтой гэнэ.

Сануулан дурдахад, Их Британи улс Европын Холбооноос гарахтай холбоотойгоор парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулъя гэсэн Ерөнхий сайд Т.Мэй-гийн саналыг Британийн парламентын гишүүд 4 дүгээр сарын 19-нд дэмжсэн билээ.
Х.Сарнай 
関連ニュース