Халз мэтгэлцээнд Э.Макрон ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-04 12:21:54
ПАРИС. /ВВС/.  Францын ерөнхийлөгчийн сонгуулийн II шатанд тунаж үлдсэн Эммануэль Макрон, Марин Ле Пен нар өчигдөр орой телевзээр халз мэтгэлцжээ. Үзэгч, сонсогчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, халз мэтгэлцээнд төвийг сахих үзэл баримтлалтай “En Marche!” намаас нэр дэвшигч Э.Макрон ялсан байна.

Нэр дэвшигчид терроризм, эдийн засаг болон Европын Холбоо /ЕХ/ зэрэг асуудлаар хоёр цаг гаруйн турш мэтгэлцэж, бие бие рүүгээ хатуу үгс чулууджээ.

Э.Макрон нь хэт барууны үзэлтнүүдийн "Үндэсний фронт" намаас нэр дэвшигч, ЕХ-нд шүүмжлэлтэй ханддаг хатагтай Ле Пенээс хавьгүй илүү байсан гэж Францын BFMTV телевизийн явуулсан санал асуулгад оролцогчдын ихэнх нь буюу 63 хувь нь үзэж байна.


Хатагтай Ле Пен санхүүгийн асуудал болон засгийн газрын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан өрсөлдөгчөө хатуу шүүмжилж, түүнийг “зэрлэг даяаршлын нэр дэвшигч” гэж тодорхойлоод “Францыг шинээр бий болгох гэсэн чиний санаа чинь Франц улсыг “хүн бүр өөр өөрсдийнхөө төлөө тэмцдэг арилжааны танхим болгоно” гэснээс өөрцгүй сонсогдож байна” гэжээ.

Харин үүний хариуд Э.Макрон хэлэхдээ “Үндэсний фронт намын дарга та ямар ч санал дэвшүүлэхгүй байж улайм цайм худал ярьж, олон нийтийн дунд үүссэн түгшүүрийг улам даамжруулж байна” гээд "айдсыг номлогч миний өмнө сууж байна" гэж хэлжээ.

Францын ерөнхийлөгчийн II шатны сонгууль тавдугаар сарын 7-нд буюу энэ ням гарагт болно.
 
Г.Доржханд
 

関連ニュース