Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-09 08:08:59
СӨҮЛ. /Yonhap/. Ирэх таван жилд улс орноо удирдах хүнийг сонгохоор өмнөд солонгосчууд саналаа өгч эхэллээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар байгуулагдсан санал өгөх 13964 байранд орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагт эхэлсэн байна.

Өмнөх сонгуулиудын санал авах хугацаа оройны 6:00 цагт дуусдаг байсан бол энэ удаагийнх оройны 8:00 цагт дуусна.

Авлигатай холбоотой болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугиантай холбогдсон Ерөнхийлөгч Пак Гын Хэг Үндсэн хуулийн шүүх албан тушаалаас нь огцруулсны дараа ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль хийж байгаа учраас санал авах хугацааг хоёр цагаар  сунгажээ.

Мөн өмнөх сонгуулиудаас ялгаатай нь энэ удаагийн сонгуульд ялсан хүн маргааш буюу лхагва гарагийн өглөө Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ ялагчийг албан ёсоор зарласны дараа тангараг өргөнө.

Сонгуульд 13 хүн өрсөлдөж байгаа юм. Гол өрсөлдөөн либерал үзэл баримтлалтай Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин, консерватив үзэлт Солонгосын эрх чөлөөний намын Хон Жүн Пё, төвч үзэл баримтлалтай Ардын намаас нэр дэвшигч Ан Чол Су нарын хооронд өрнөнө гэж ажиглагчид үзэж байна.


Авлигатай холбоотой хэргийн улмаас консерватив үзэлт Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулсан учир энэ удаагийн сонгууль нь либерал үзэлт нэр дэвшигчдэд ээлтэй байж магадгүй.

Гэхдээ олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, өмнөх эрх баригч намаас нэр дэвшигч Хон Жүн Пё сүүлийн мөчид дэмжигчдийнхээ тоогоор либерал үзэлт өрсөлдөгчидтэйгөө зуузай холбох магадлалтай байна.

Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт нийтэлжээ. Санал асуулгад оролцогчдын 42.4 хувь нь Мүн Жэ Инийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Хон Жүн Пё, Ан Чол Су нарыг дэмжигчдийн тоо адил 18.2 хувьтай байжээ. Санал асуулгын дүн сонгуулийн дүнд нөлөөлж болзошгүй гэж үзэн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас хойш явуулсан санал асуулгуудын дүнг танилцуулахыг хориглосон байна.

Өмнөд Солонгос нь 51 сая хүн амтай. Нийт хүн амын 82 хувь буюу 42.4 сая хүн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох юм. Тус улсын түүхэнд ийм олон сонгогч сонгуульд оролцож байсан тохиолдол байхгүй ажээ.

Сонгуульд оролцох эрхтэй 42.4 сая хүний 26 хувь нь буюу 11 сая хүн өнгөрсөн долоо хоногт явуулсан хоёр өдрийн урьдчилсан санал хураалтын үеэр саналаа өгчээ. Урьдчилсан санал хураалтын ирц урьд байгаагүйгээр өндөр байснаас үзэхэд тус улсын түүхэнд анх удаагаа ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулсантай холбоотойгоор явуулж буй энэ сонгуульд ард иргэд  маш идэвхтэй оролцох төлөвтэй байна.
 
Г.Доржханд
 

関連ニュース