Хятадын удирдагч Си Зиньпин долдугаар сард ОХУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-11 13:43:24
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ оны долдугаар сарын эхээр ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ гэж Оросоос Хятад улсад суугаа Элчин сайд Андрей Денисов өнөөдөр мэдэгдлээ.

Элчин сайд А.Денисов хэлэхдээ “манай хоёр улсын удирдагчид 2017 оны анхны уулзалтаа Хятадын нийслэл Бээжин хотноо энэ сарын 14-15-нд болох “Нэг Бүс ба Нэг Зам” форумын үеэр хийнэ. Тэдний хэлэлцээ долдугаар сарын эхээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний Орос улсад хийх албан ёсны айлчлалын үеэр үргэлжилнэ” гэлээ.

Түүний хэлснээр, энэ онд хоёр улсын удирдагчид олон удаа уулзаж, хэлэлцээ хийнэ. Тухайлбал, есдүгээр сард Хятадын Сямэнь хотод болох БРИКС-ийн Дээд хэмжээний уулзалт, 11 дүгээр сард Вьетнамд болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын уулзалтын үеэр тэд уулзах аж.

Хятад улс энэ сарын 14-15-нд “Бүс ба Зам” чуулга уулзалтыг зохион байгуулна. Уг форумд 28 улсын өндөр дээд албан тушаалтнууд болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОУВС-гийн захирал Кристин Лагард, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким нар оролцоно.
 
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин мөн уг форумд оролцох юм.

Г.Доржханд
 

関連ニュース