Финланд улс Арктикийн зөвлөлийг даргална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-05-12 12:25:55

 

ФЭРБАНКС./TASS/. Арктикийн зөвлөл нь оршин тогтносон 20 жилийнхээ хугацаанд бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх чухал талбар болж чадсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон дүгнэлээ. Тэрбээр Аляска муж улсын Фэрбанкс хотод Гадаад хэргийн сайд нарын түвшинд болсон Арктикийн зөвлөлийн хуралдаанд оролцсон юм.

Хуралдааны дараа Р.Тиллерсон Арктикийн зөвлөлийг даргалах эрхийг Финландын Гадаад хэргийн сайдад шилжүүлэн өглөө. Тус зөвлөлд Дани, Исланд, Канад, Норвеги, ОХУ, АНУ, Финланд, Швед улс багтдаг юм.

Р.Тиллерсон цааш нь хэлэхдээ “Арктикийн бүс нутагт урьд өмнө нь гарч байгаагүй томоохон өөрчлөлтүүд гарч, асуудлууд үүссэн цаг үед АНУ Арктикийн зөвлөлийг даргалж байлаа” гэж онцлон дурдсан байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад оролцогчид Арктикийн судалгааны төвүүдэд эрдэмтдийг ажиллуулах,судалгааны тоног төхөөрөмж, материалуудыг хүргэх, залуу эрдэмтдийг бэлтгэх, шинжлэх ухааны солилцоо хийх зэрэг ажиллагааг хөнгөвчлөхөд чиглэсэн гэрээг боловсруулсан явдлыг Р.Тиллерсон онцлон тэмдэглэжээ. Түүний сацуу АНУ Арктикийн зөвлөлийг даргалах явцдаа Арктик дахь харилцаа холбооны дэд бүтцийн байдлын үнэлгээг хийсэн гэдгийг тэрбээр дурдав.

Арктикийн зөвлөлийн ээлжит хуралдааны дүнгийн баримт бичиг болох “Фэрнбанксын тунхаглал”-д Арктикт энх тайван, тогтвортой байдал, үр ашигтай хамтын ажиллагааг хадгалахыг эрмэлзэж байгаагаа гишүүн орнууд илэрхийлсний зэрэгцээ Хойд туйлын уугуул иргэдийн эдийн засгийн хөгжилд тус дэм үзүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авах нь чухал болохыг онцлон дурдсан байна.

Арктикийн зөвлөл нь  Арктикийн тогтвортой хөгжлийн талаарх бүс нутгийн улс орнуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор 1996 ондбайгуулагджээ. Тус зөвлөл цэрэг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэггүй юм.
Х.Сарнай   
 
 




 
関連ニュース