Кот-д'Ивуар: Цэргүүдийн үймээнийг дарахын тулд цэргийн тусгай ажиллагаа явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-05-15 11:01:48
БУАКЕ. /BBC/. Гурав хоног дараалан үргэлжилсэн цэргийн албан хаагчдын эсэргүүцлийн ажиллагааны дараа Кот-д 'Ивуар улсын арми дэг журам тогтоох ажиллагаа явуулж эхэллээ. 

Цэргүүд цалин хөлсний маргаан дэгдээн хэд хэдэн хотын гудамжнуудыг эзлэн авч, улмаар бямба гарагт тус улсын хоёр дахь том хот болох Буаке-г бүслэн хаасан байна. 

Хэрэв тус улсын арми хөндлөнгөөс оролцвол тулалдахад бэлэн байгаагаа эсэргүүцлийн ажиллагааанд оролцогч цэргүүд мэдэгджээ. Харин цэргүүдийн энэ үйлдлийг олон нийт эсэргүүцсээр байгаа бөгөөд Буаке хотод цэргүүдийн эсрэг жагсаал өрнөж, байдал хурцадсан байна. 

Бямба гарагт болсон жагсаалын үеэр цэргүүд энгийн иргэд рүү гал нээсний улмаас 6 хүн шархаджээ. 

Тус улсын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Секу Туре ням гарагт гаргасан мэдэгдэлдээ цэргийн ажиллагаа явагдах гэж байгааг зарлаад, бослогоо зогсооцгоо гэсэн уриалгыг олон цэргүүд хүлээн авсныг дурджээ.  Энэ оны 1 дүгээр сард үймээн гаргасан цэргүүд хүн тус бүр 8 мянган доллар /6200 фунт стерлинг/ төлбөл бослогоо зогсооно гэж засгийн газраас шаардаж байжээ. 

Энэ сард тэдний дараагийн төлбөрөө авах хугацаа болсон байна. Үүнтэй холбогдуулан уур бухимдалтай байгаа цэргүүдтэй хэлэлцээр хийхгүй гэж засгийн газар мэдэгдсэн байна. 

2011 онд дууссан Кот-д'Ивуарын 10 жилийн иргэний дайны үеийн хүчирхийлэл дахин давтагдах вий гэсэн айдас тус улсад бий болоод байна. 1 дүгээр сарын үймээнд оролцсон олон  хүний хувьд тэд бол иргэний дайн дууссаны дараа армид алба хааж байгаа буй босогчид юм.
Х.Сарнай 
 
 

 


関連ニュース