Хоёр Солонгосын дипломатчид Бээжингийн форумын үеэр уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-15 14:45:10
СӨҮЛ. /Yonhap/. Хятад улсын нийслэл Бээжин хотноо болж буй “Бүс ба Зам” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Өмнөд Солонгосын төлөөлөгч өчигдөр Умард Солонгосын төлөөлөгчтэй уулзаж, Пхеньяны хамгийн сүүлд хийсэн пуужингийн туршилттай холбоотойгоор  сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн багийн ахлагч, эрх баригч Ардчилсан намын гишүүн Пак Бён Сүг өчигдөр эхэлсэн “Бүс ба Зам” форумын үеэр Умард Солонгосын Гадаад эдийн засгийн харилцааны сайд Ким Ён Жэтэй уулзсан байна.

Уг уулзалт болохын өмнө буюу өчигдөр өглөө Умард Солонгос нийслэл Пхеньян хотоосоо хойд зүгт 100 орчим км-ийн зайд орших газраас нэг баллистик пуужин харвасан юм.

Пуужин харвасныг бид эрс эсэргүүцэж, зэмлэн буруушааж байна гэж төлөөлөгч Пак хэлжээ.

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт тангараг өргөснөөс хойш хоёр Солонгосын дипломатчид уулзсан анхны тохиолдол нь энэ юм.
Г.Доржханд


 
関連ニュース