"Бүс ба Зам" чуулга уулзалт нь Си Зиньпиний хувьд тодрон гялалзах мөч байлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-16 16:01:09
БЭЭЖИН. /Nikkei/. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулсан анхны олон улсын чуулга уулзалт нь  тус улсын дарга Си Зиньпиний хувьд Азийн хүчирхэг удирдагч гэдгээ дэлхий дахинд харуулж, улс төрийн томоохон амжилтад хүрэхэд чиглэсэн онцгой алхам байлаа.

Энэ сарын 14-15-нд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны форумд 29 улс  орны төр ба засгийн газрын тэргүүн нар оролцож, Ази дахь Хятадын нөлөөг тэлэх зорилго бүхий дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрийг авч хэлэлцсэн юм. Есдүгээр сарын эхээр БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн удирдагчид Хятад улсын Фузень мужийн Сямэнь хотод жил тутмын Дээд хэмжээний уулзалтаа хийнэ. Хятадын эх сурвалжуудын “нөхөрсөг уулзалт” гэж тодорхойлж байгаа эдгээр дипломат уулзалтууд нь Хятадын 2017 оны гадаад бодлогын гол цөм юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн оны 12 дугаар сард улсынхаа гадаад бодлогын зорилтын талаар үг хэлэхдээ “ирэх намар Коммунист намын их хурал болох гэж байгаатай холбоотойгоор гадаад таатай орчинг бүрдүүлэх нь 2017 оны дипломат бодлогын гол зорилго юм” гэж байв. Таван жил тутамд болдог Хятадын Коммунист намын /ХКН/ энэ удаагийн их хурал нь тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах Сигийн хоёр дахь үүрэгт хугацааг эхлүүлэх юм. Си Зиньпин энэ их хурлын үеэр намын удирдлагын түвшинд томоохон халаа сэлгээ хийх төлөвтэй байна.

Дараагийн алхам

ХКН Си Зиньпинийг хэдийн “онцгой хүчтэй удирдагч” гэж тодорхойлсон билээ. Си өөрийн нэр хүндээ улам өсгөхийн тулд дэлхийн тавцанд өөрийн удирдах чадвараа харуулж, манлайллаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна.

Америкийн “гар хүрээгүй” нөлөөллийн хүрээг бий болгох нь Сигийн хувьд эн тэргүүний зорилт. Энэ зорилтдоо хүрэх гол гарц нь хуучин “Торгоны зам”-ыг сэргээж, Хятад ба Европыг газар ба далай тэнгисээр холбох худалдааны маршрутуудыг бий болгох зорилго бүхий “Бүс ба Зам” санаачилга юм.

Хятадууд далай тэнгисийн замыг хяналтдаа авах вий гэхээс “бид хамгийн их айж байна” гэж Японы үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан албаны хүн хэлээд “АНУ-аас хамгийн хол зайд орших Энэтхэгийн далайд Хятад улс нөлөөгөө бэхжүүлэхийг оролдож байна” гэлээ.

Энэтхэг улс энэ асуудлын тухайд хамтран ажиллах магадлал тун бага байна. Зүүн Өмнөд Азийн тус улс “Бүс ба Зам” форумд төлөөлөгчөө илгээгээгүй юм.  Вашингтон ч гэсэн хүч гаргахгүй байж магадгүй. Саяхныг хүртэл Хятадыг “валютын ханшийн луйварчин” гэх мэтээр цоллож байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед Бээжингийн талаарх байр сууриа зөөллөж байна. Пхеньян цөмийн туршилт хийж, пуужин хөөргөн туршиж байгаатай холбоотойгоор Хятад улсаар дамжуулан Умард Солонгост шахалт үзүүлэхийн тулд Д.Трамп байр сууриа зөөллөсөн байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. “Бүс ба Зам” форумд оролцсон 29 улс орны удирдагчид бүгд энэ уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа нь харагдаж байлаа.

Ялалтад хүрэх зам

Худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах “100 хоногийн төлөвлөгөө”-ний эхний алхмуудыг Вашингтон болон Бээжин өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт зарласан юм. Тодруулбал, Хятад улс Америкаас үхрийн мах импортлохыг зөвшөөрсөн бол АНУ “Бүс ба Зам” форумд төлөөлөгчдөө  илгээж, энэ санаачилгын ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн билээ.

2016 онд Хятадын хилийн чанадад  хийсэн шууд хөрөнгө оруулалт 40 хувиар өсчээ. Гэхдээ “Бүс ба Зам”-д хамаарах улсуудад хийсэн хөрөнгө оруулалт 2 хувиар буурсан байна.

Энэ форумын ачаар холбогдох улс орнуудад Хятадын шууд хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн ч ХКН-ын их хурал болж өндөрлөхөөс нааш Бээжин хөрөнгө оруулалтаа хэр удаан хугацаанд одоогийн түвшинд байлгах нь тодорхой бус байна. Хэрвээ Хятад улс АНУ-ыг ямар нэгэн аргаар ятган өөрийн санаачлан байгуулсан Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкиндаа элсүүлж, Д.Трампыг намар гэхэд улсдаа авчирч чадвал Бээжин туйлын зорилгодоо хүрч байгаа нь тэр юм гэж Японы “Nikkei Asian Review” сонины Хятад дахь салбарын тоймч Тэцүши Такахаши бичжээ.
 
Г.Доржханд

 
 
関連ニュース