Оростой холбоотой хэргийг мөрдөн шалгах ажлыг ХМТ-ны тэргүүн асан удирдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-18 07:24:32
ВАШИНГТОН. /VOA/. Дональд Трампын сонгуулийн штабынхан болон Оросын тал өнгөрсөн онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр харилцаа холбоотой байж, хуйвалдаан зохион байгуулсан байж магадгүй гэх хэргийг мөрдөн шалгах тусгай ажлын хэсэг байгуулжээ.

АНУ-ын Хуульзүйн яам лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “тус тусгай зөвлөлийн тэргүүнээр Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ захирал асан Роберт Мюллерыг томилсон” гэв.

Д.Трампын ялалтад дэмжлэг үзүүлэхийн тулд өнгөрсөн онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросын тал хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг тусгайлан мөрдөн шалгахыг америкчууд шаардсаар байгаа билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ХМТ-ны захирал Ж.Комиг өнгөрсөн долоо хоногт огцруулсан юм. Ж.Коми Оростой холбоотой энэ хэргийг мөрдөн шалгах ажлыг удирдаж байв.
Г.Доржханд


 
関連ニュース