Венесуэлийн Дээд шүүхийн шүүгчдийг хоригийн жагсаалтанд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-19 09:12:32
ВАШИНГТОН./TASS/. Венесуэльд хүний эрхийг зөрчиж буй хэрэгт холбогдож буй тус улсын хэд хэдэн өндөр албан тушаалтнуудын нэрсийг АНУ-ын Сангийн яам хоригийн жагсаалтандаа нэмж оруулсан байна. 

Уг жагсаалтанд Венесуэлийн Дээд шүүхийн шүүгчид оржээ. Тухайлбал, Дээд шүүхийн дарга Майкель Хосе Морена Перес, Дээд шүүхийн Үндсэн хуулийн танхимын орлогч дарга Аркадио де Хесус Дельгадо Росалес, Дээд шүүхийн дарга асан Гладис Мария Гутьеррес Альварадо, Дээд шүүхийн Үндсэн хуулийн танхимын дарга Хуан Хосе Мендоса Ховер нарын нэрс байна.

Хориг тавьсан шалтгаан

АНУ-ын Сангийн яамны үзэж байгаагаар “ардчилсан замаар сонгогдсон Венесуэлийн хууль тогтоох байгууллага болох парламентын /Үндэсний Ассамблей/ бүрэн эрхэд халдан шийдвэр гаргасныхаа төлөө эдгээр хүмүүс хариуцлага хүлээх ёстой” ажээ.

Венесуэлийн Дээд шүүхийн шүүгчид онц байдал байдал тогтоох тухай  тогтоол батлах замаар тус улсыг удирдах боломжийг гүйцэтгэх засаглалд олгож, ингэснээр венесуэльчүүдийн эрхийг хязгаарласан төдийгүй тэдний хүсэл зоригт нь саад тээг болсон гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.

Чадваргүй удирдлага, авлига хээл хахуулиас үүдэн эдийн засаг нь сүйрч байгаагийн улмаас Венесуэлийн ард түмэн хохирч байна. Тус улсын Дээд шүүхийн шүүгчид хууль тогтоох байгууллагын дотоод хэрэгт байнга хөндлөнгөөс оролцсоноор нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Эх орондоо ардчиллын зарчмыг хамгаалан, хэрэгжүүлэх гэсэн венесуэльчүүдийн хүчин чармайлтыг АНУ дэмжиж байна” хэмээн Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.

Энэ шийдвэрийг Төрийн Департаменттай зөвлөлдөж байж гаргасан гэдгээ Сангийн яам онцлон тэмдэглэсэн байна. “Ардчилсан замаар сонгогдсон Үндэсний Ассамблейд Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ биелүүлэх боломж олгохыг Венесуэльд АНУ-ын засгийн газар уриалж байна” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
О.Барс 

 

 

 

 

 


関連ニュース