П.Порошенко: Герман улс Украины зүүн нутгийн дэд бүтцийг сэргээн босгоход тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-21 12:34:12
КИЕВ./TASS/. Герман улс Украинд шинэчлэл явуулах, түүнчлэн Киевийн хяналтанд буй район Донецск, Луганск мужуудын дэд бүтцийг сэргээн босгоход санхүүгийн тусламж үргэлжлүүлэн үзүүлнэ. Энэ тухай Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй хийсэн уулзалтын дараа мэдэгджээ.

“Хоёр талын хамтын ажиллагаа, Германаас Украинд үзүүлэх эдийн засгийн тусламж, түүний дотор Донецск Луганск мужид сүйтгэгдсэн дэд бүтцийг сэргээн босгох асуудалд дэмжлэг үзүүлэх асуудлууд уулзалт дээр хөндөгдсөн” гэж Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.

П.Порошенко нэмж хэлэхдээ, хэлэлцээрийн гол сэдэв нь Донбассын нөхцөл байдал, түүнтэй холбоотой Минскийн хэлэлцээрийг биелүүлэх явдал байсан гэжээ. “Минскийн хэлэлцээрийг биелүүлэх талаар үйл ажиллагаагаа зохицуулах асуудалд ихээхэн цаг хугацааг зориулсан. Бид Минскийн үйл явцын зэрэгцээгээр Нормандын дөрвөлийн яриа хэлэлцээг ойрын үед хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа” гэж Порошенко хэлээд, Францын шинэ Ерөнхийлөгч Э.Макроны зүгээс дэмжлэг үзүүлнэ гэж онцгой ихээр найдаж байгаагаа онцлон тэмдэглэжээ.

П.Порошенкотой хэлэлцээ хийж эхлэхээс өмнө А.Меркель сэтгүүлчдэд Нормандын томьёололоор ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, дөрвөлийн уулзалтын боломжийг авч хэлэлцэж байгаа гэж нэмэн хэлжээ.

“Нормандын дөрвөл”-д Орос, Франц, Герман, Украин ордог байна. Украины нөхцөл байдлыг зохицуулах асуудлыг хэлэлцэх зорилгоор эдгээр улсын төрийн тэргүүнүүдийн анхны уулзалт 2014 оны 6 дугаар сард Нормандад болж байсан юм. 2015 оны 2 дугаар сарын 11-12-нд болсон хэлэлцээн дээр Украины хямралыг шийдвэрлэх Минскийн тохироог баталжээ. Төрийн тэргүүнүүд сүүлийн удаа 2016 оны 10 дугаар сард уулзсан байна.
О.Барс
関連ニュース