Умард Солонгост шахалт үзүүлэхэд 100 хоногийн хугацаа хэрэгтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-22 10:45:29
ТОКИО./TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпин 4 дүгээр сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа 100 өдрийн хугацаанд БНАСАУ-ын эсрэг дангаараа хатуу арга хэмжээ авахгүй байхыг Вашингтоноос хүсчээ. Энэ хугацаанд Бээжин өөрийн арга хэрэгслийг ашиглан Пхеньяны бодлогыг өөрчлүүлнэ гэж амласан тухай Японы “Asahi” сонин бичжээ.

Д.Трамп Хятадын удирдагчтай Вашингтонд уулзах үеэрээ, Умард Солонгосын гадаад худалдааны 90 хувь нь Хятад улсад оногдож байгаа гэдгийг сануулсан байна. Энэ нь Бээжингийн зүгээс Пхеньянд шахалт үзүүлэх хүчтэй хөшүүрэг болно гэж АНУ үзэж байгаа юм. Хэрвээ энэ хөшүүргээ ашиглахгүй бол АНУ өөрийн зүгээс БНАСАУ-тай хамтран ажиллаж буй Хятадын тэргүүлэх компаниудын эсрэг санхүүгийн болон бусад хориг арга хэмжээ авна гэж Д.Трамп мэдэгджээ. Ингэх нь Хятадын эдийн засагт хүчтэй цохилт болох юм. 

Үүний хариуд Си Жиньпин Пхеньянд шахалт үзүүлэхэд 100 хоногийн хугацаа хэрэгтэй байна гэж Д.Трампт хэлжээ. “Asahi” сонинд мэдээлснээр, талууд хэрвээ БНАСАУ-ын зүгээс дахин өдөөн хатгалга хийсэн тохиолдолд тус улсын эсрэг дангаар эрс шийдэмгий арга хэмжээ авахаар тохиролцжээ. Тухайлбал Хятад улс Умард Солонгост газрын тос нийлүүлэхээ зогсоож, мөнгөн шилжүүлэг хийхийг хязгаарлах боломжтой аж.

100 хоногийн хугацаа 7 дугаар сард дуусах ба тэр үеэр Германд болох “Их-20”-ийн уулзалтын явцад Хятад, Америкийн төрийн тэргүүн нар дахин уулзах юм.
О.Барс 

 

 

 

 

 

関連ニュース