Си Зиньпиний туслах Бээжин хотын намын хорооны даргаар томилогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-29 15:11:24
БЭЭЖИН. /Reuters/. Бээжин хотын дарга Цай Ци тус хотын Хятадын коммунист намын хорооны /ХКН/ дарга болжээ. Удахгүй болох ХКН-ын их хурлаас өмнө өөрийн хүч нөлөөг бэхжүүлэхийн тулд Си Зиньпин түүнийг нийслэл хотын намын хорооны даргаар томиллоо гэж ажиглагчид үзэж байна.

Цай Ци-г Коммунист намын Бээжин дэх хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон гэж “Xinhua” агентлаг өнгөрсөн бямба гарагт мэдээлжээ. Ингэснээр тэрбэ эр Бээжин хотын даргаас илүү их эрх мэдэлтэй болжээ.

Өдгөө 61 настай Цай Ци нь Фузень болон Жөзян мужид Си Зиньпиний удирдлага дор ажиллаж байсан бөгөөд түүнтэй нэлээд ойр дотно харилцаатай аж.

Энэ оны нэгдүгээр сард Бээжин хотын дарга болсон түүнийг ердөө дөрвөн сарын дараа өөр албан тушаалд томиллоо.

Тус улсын Байгаль орчны сайд Чэнь Зиньин одоо Бээжин хотын даргын үүргийг гүйцэтгэж байгаа аж. Тэрбээр Си Зиньпиний төгссөн Чинхуа их сургуулийг удирдаж байжээ.

Си Зиньпин ийм томилгоо хийснээр өөрийн хүч нөлөөгөө бэхжүүлж байна гэж ажиглагчид үзэж байна. Тэрбээр энэ оны наймдугаар сард болох ХКН-ын их хурлын үеэр намын удирдлагын түвшинд томоохон халаа сэлгээ хийх төлөвтэй байгаа юм.

Г.Доржханд
 

関連ニュース