АНУ Солонгосын хойг руу дахин нэг нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоо илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-30 14:46:54
ВАШИНГТОН. /Reuters/. Солонгосын хойг руу нисэх онгоц тээвэрлэгч “USS Ronald Reagan” хөлөг онгоцыг илгээхээр төлөвлөж байна гэж АНУ-ын БХЯ мэдэгдлээ.

АНУ-ын өөр нэгэн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц болох “USS Carl Vinson” тус хойгийн ойролцоо сургуулилт хийж байгаа билээ. Энэ хоёр хөлөг онгоц тус бүсэд хамтарсан сургуулилт хийх аж.

Солонгосын хойгоос холгүй орших Япон тэнгист АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцууд сургуулилт хийж байсан тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй юм.

Умард Солонгост анхааруулга өгөхийн тулд АНУ ийм сургуулилт хийх гэж байна гэж ажиглагчид үзэж байна.

АНУ-ын Номхон далайн командлалын мэдэгдсэнээр, өчигдөр буюу даваа гарагт Умард Солонгос ойрын зайн тусгалтай баллистик пуужин хөөргөн туршсан юм. Пуужинг зүүн эргийн Вонсан хотоос холгүй орших газраас хөөргөсөн  бөгөөд пуужин зургаан минутын дараа Япон тэнгист унасан гэж тус командлалын албаны хүмүүс хэлэв.
 
Г.Доржханд
 
 

関連ニュース