Молдавын эрх баригчид Оросын дипломатчдыг албадан гаргахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-30 15:03:34
ЛОНДОН./BBC/. Молдавын эрх баригчид Оросын таван дипломатчийг персона нон грат буюу тааламжгүй хүн гэж зарлан, тэднийг нэн даруй тус улсаас гарч явахыг шаарджээ. Дипломатчдыг албан гаргаж байгааг Оросын тал “учир нь үл ойлгогдох, дүр үзүүлж буй явдал” гэж тодорхойлсон байна.

“Ноот бичгийг бид хүлээж авсан, судалж байна. Хэнийг албадан гаргах гэж байгааг мэдэгдэх болно” хэмээн Молдавт суугаа Оросын элчин сайд ярьсан байна. Албадан гаргаж буй дипломатчдын дунд Молдавт суугаа Оросын элчин сайдын яамны цэргийн атташегийн туслах Александр Грудин байгаа нь тодорхой болжээ.

Энэ оны 3 дугаар сард Молдавын тусгай албад А.Грудиныг Молдавын парламентын гишүүн асан Юрий Болбочаныг урвуулан элсүүлсэн гэж буруутгасан байна. Улмаар Ю.Болбочаныг баривчилж, түүнд эх орноосоо урвасан гэсэн ял тулгажээ.

Интерфаксын мэдээлснээр, дипломатчдыг албадан гаргах тухай ноот бичгийг Оросын элчин сайдын яаманд даваа гарагийн үдээс хойш гардуулжээ.

Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова Оросын дипломатчдыг албадан гаргаж байгааг “учир нь үл ойлгогдох, дүр үзүүлсэн үйлдэл” гэж тодорхойлжээ.

“Молдавын эрх баригчдын энэ үйлдэл нь Оросын дипломатчдын ажилтай энэ нь ямар ч холбоогүй ч харин Молдавд нөхцөл байдал даамжирч байгааг харуулж байгаа нь тодорхой байна” хэмээн М.Захарова хэлжээ.

Харин Оросын ГХЯ-ны орлогч сайд Григорий Карасин "энэ үйлдлийн хариуд хатуу арга хэмжээ авах болно" гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн онд сонгогдсон Ерөнхийлөгч Игорь Додон Оростой ойртох бодлогыг баримтлах болсон юм. Үүнийг Молдавын Засгийн газар шүүмжилдэг ба үүнээс үүдэн сүүлийн саруудад Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр хоорондоо сөргөлдөх болсон юм. Оросын дипломатчдыг албадан гаргаж байгаа явдлыг И.Додон “Засгийн газар манай улсын стратегийн түнш ОХУ-ын эсрэг жигшүүртэй алхмыг хийлээ” гэж тайлбарлажээ.

“Европын Холбооны талыг баримтлагчид Ерөнхийлөгчийн сүүлийн саруудад олсон амжилтад атаархан хорсч Молдав-Оросын харилцааг эрс муутгахын тулд шууд өдөөн хатгалга хийхээр шийдсэн хэрэг. Энэхүү үйлдлийг юуны түрүүнд барууныхны захиалгаар хийсэн байж магадгүй” гэж Ерөнхийлөгч нэмж хэлсэн байна.

Сануулан дурдахад, 3 дугаар сарын эхээр Молдавын Засгийн газар Орост суугаа элчин сайд Дмитрий Брагишыг эргүүлэн татсан юм. Хэд хоногийн дараа парламент болон Засгийн газрын зүгээс Орост айлчлахаас татгалзахыг албан тушаалтнуудад уриалжээ. 
О.Барс 

 

 

 

 

 

関連ニュース