Пак Гын Хэгийн найзын охиныг Данийн тал шилжүүлэн өглөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-31 14:04:31
СӨҮЛ. /Yonhap/. Авлигын хэрэгт холбогдон албан тушалаасаа огцорсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун Силийн охин Дани улсад таван сарын турш саатуулагдсаны эцэст өнөөдөр эх орондоо ирлээ.

Чой овогтын охин болох 21 настай Чун Ю-ра лхагва гарагт шилжих шөнийн 02:40 цагт Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд буусан байна. Түүнийг онгоцноос буумагц нь Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс баривчилжээ.

Чуныг эрэн сурвалжилж өгөхийг Өмнөд Солонгосын прокурорууд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполоос энэ оны нэгдүгээр сарын эхээр хүссэн юм. Тэр үеэс хойш түүнийг Данийн тал Ольборг хотын цагдан хорих төвд хорьж эхэлсэн билээ.

Түүнийг Өмнөд Солонгосын талд шилжүүлэн өгөх шийдвэрийг Данийн шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан юм.

“Ива” гэдэг охидын их сургуульд хээл хахууль өгч элссэн, морин спортын бэлтгэл сургуулилтдаа зориулан “Samsung” группээс хууль бусаар санхүүжилт авсан зэрэг хэргээр түүнийг Сөүлийн прокурорууд байцаах аж.

Түүний ээж болон Ерөнхийлөгч асан Пак нар одоо шоронд хоригдож байгаа бөгөөд тэднийг шүүх хурал болж байгаа билээ.

Г.Доржханд
 
 
関連ニュース