ШХАБ дэлхийн нийт хүн амын бараг тал хувийг хамардаг болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Sputnik/. Энэтхэг болон Пакистан энэ сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/бүрэн эрхт гишүүнээр элссэнээр тус байгууллага Еврази тивийн 60 хувь, дэлхийн хүн амын бараг тал хувийг хамардаг болно гэж Бээжин мэдэгдлээ.
Энэ долоо хоногт Казахстаны нийслэл Астана хотод болох ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Шинэ Дели болон Исламабадыг албан ёсоор ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлснээр олон улсын тавцанд тус байгууллагын нэр нөлөө улам бэхжиж, геополитикийн хамрах хүрээ нь өргөжин тэлэх болно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Хуйлуй өнөөдөр мэдэгдэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ “хамгийн том газар нутаг болон хамгийн олон хүнийг хамарсан байгууллага болсноор ШХАБ-ын нэр нөлөө улам нэмэгдэнэ” гэлээ.
ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалт энэ сарын 8-9-нд Астана хотод болно.
Казахстан, Хятад, Киргизстан, Тажикистан, ОХУ болон Узбекистаны 2001 оны зургадугаар сарын 15-нд Шанхай хотноо байгуулсан ШХАБ нь олон улсын засгийн газар хоорондын байгууллага юм. Одоогоор Пакистан, Энэтхэгээс гадна Афганистан, Иран, Монгол болон Беларусь улс тус байгууллагад ажиглагчийн статустай бол Турк, Азербайжан, Шри Ланк, Армени, Камбож болон Балба нь яриа хэлцээний түншүүд юм.
Пакистан болон Энэтхэгийг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2016 оны зургадугаар сард Узбекистанд болсон Дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүн улс орнуудын удирдагчид гарын үсэг зурсан байна.
Г.Доржханд