600 иргэн ажлын байртай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ХХҮГ-аас хөдөлмөр халамжийн чиглэлээр явуулж буй ажил үйлчилгээгээ иргэдэд нээлттэй танилцуулах үүднээс нээлттэй өдөрлөг хийлээ.
Арга хэмжээг аймгийн ХХҮГ-ын дарга Д.Амарсанаа нээж үг хэлэхдээ, "Ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэх тал дээр анхаарсан томоохон ажлуудыг төр засгийн зүгээс тодорхой шат дараатайгаар зохион байгуулж байна. Өмнөх онуудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нэг аймагт 5-6 тэрбум төгрөг олгодог байсан бол энэ жил санхүү эдийн засгийн хямралаас үүдээд 1.2 тэрбум төгрөг манай аймагт хуваарилагдаж ирсэн. Гэхдээ бага мөнгө ирлээ гээд бид зүгээр суухгүй. Баянхонгор аймагт 1800 орчим идэвхитэй ажил хайгч байгаагаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд түр болон байнгын ажлын байраар 600 хүнийг хангах зорилготой ажиллаж байна" гэдгээ онцлов.
Мөн үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний танилцуулга хийгджээ. Түүнээс гадна аймгийн ХХҮГ-ын дарга Д.Амарсанаа ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор сумын ЗДТГ-ын дарга Ц.Насанбаяртай, бүлгээр газар тариалан эрхлэх иргэд, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн бүлгүүдтэй тус тус хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байна.
Өдөрлөгийн хүрээнд аймгийн ХХҮГ-ын мэргэжилтнүүд сул чөлөөтэй ажлын байр, ганцаарчилсан зөвлөгөө, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн бүтээмжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажил хайгч иргэдийг бүртгэх үйл ажиллагааг зохион явуулжээ.
Б.Мөнхзул