Тэрхийн цагаан нууранд аюулын зурвас тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-13 14:36:18
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газраас “Усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-г Тариат сумын Тэрхийн цагаан нуур орчмын жуулчны баазуудад зохион байгуулжээ.
Энэ ажлын зорилго нь амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг дадлага олгох, жуулчны бааз, эко гэрийн гал түймэр, гамшгаас хамгаалагдсан байдалд үзлэг шалгалт хийх, усны осол гаргуулахгүй байх, эрсдлийг бууруулах юм.

Тус ажлын хүрээнд жуулчны бааз, эко гэр ажиллуулдаг 25 иргэнд усан зам тээврийн аюулгүй байдал, гал түймрийн аюулгүй байдал, анхны тусламжийн зарчим, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, Архангай аймгийн усны ослын нөхцөл байдал, эрсдэлийг бууруулах арга хэмжээ сэдвээр 4 цагийн танхимын, 2 цагийн дадлага сургалт зохион байгуулжээ.

Мөн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, Хангайн нурууны тусгай хамгаалалттай газрын захиргаатай хамтран Тэрхийн цагаан нуурын орчмын жуулчид усанд ордог газрын нуурын эрэг орчмын усны гүнийг хэмжиж, аюулын зурвасыг тогтоож тэмдэглэгээ хийсэн байна.

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг энэ сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд зохион байгуулна.

Б.Гэрэлт-Од
関連ニュース