Гурван талт уулзалт хийхийг Япон улс санал болголоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО./TASS/. Япон улсын удирдлага Хятад болон Өмнөд Солонгосын талд хандан энэ оны 7 дугаар сард гурван улсын удирдагчдын уулзалтыг Японы нийслэлд хийхийг санал болголоо. Энэ тухай “Kyodo” агентлаг дипломат эх сурвалжийг иш татан мэдээлжээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 7 дугаар сард Германд болох "Их 20"-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзахдаа энэ сэдвийг хөндөх бодолтой байгаа аж. Гурван талт уулзалтанд оролцох шийдвэрийг Хятадын талаар гаргуулах нь хамгийн чухал гэдгийг Киодо агентлаг тэмдэглэжээ. Энэ намар болох Хятадын Коммунист намын их хуралд бэлтгэх ажил өрнөж байгаа учраас Хятадын тал зав муутай байгаа юм.
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин албан тушаалдаа орсныхоо дараа Японы Засгийн газрын тэргүүнтэй ойрын үед уулзана гэж мэдэгдэж байсан билээ. Саяхан гурван тал тусгай элч нараа харилцан илгээсэн юм.
Гурван талын уулзалтын гол сэдэв нь сүүлийн үед Умард Солонгос баллистик пуужин ойр ойрхон харваж буйтай холбоотой асуудал байх нь тодорхой.
Япон, Хятад, Өмнөд Солонгосын удирдлагууд оролцсон дээд хэмжээний уулзалт хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сард Сөүлд болж байжээ. Хятад улс ийм түвшний уулзалтад голдуу БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ли Көцяныг оролцуулдаг байна.
О.Барс