Тарьсан модоо арчилж, услах зориулалтын машинтай болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-15 10:27:41
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ганга нуурыг хамгаалж, элсний нүүдлийг зогсоох зорилгоор жил болгон олон мянган мод тарьдаг. Зориулалтын усалгааны машин байхгүй учир усалгаа, арчилгаа дутагдсанаас болж тарьсан мод бүрэн ургаж чаддаггүй байжээ. Үүний дагуу Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалах захиргааны газрын зүгээс аймгийн засаг даргад саналаа уламжилсаны дагуу засаг даргын зүгээс усалгааны машины асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, өнөөдөр машиных нь түлхүүрийг гардуулан өглөө.
Энэхүү машин нь 30 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт нь хийгдсэн байна.
“Ганга нуурыг хамгаалах ажил 2008 оноос яригдаж эхэлсэн боловч олигтой ажил төрөл болсон нь ховор. Энэ нь хөрөнгө санхүүгээс эхлээд олон зүйлтэй холбоотой. Гэхдээ нуурын эргэн тойронд мод тарих ажил жил болгон хийгддэг. Гэвч ургалт нь хангалтгүй байдаг. Мод гэдэг бол нялх хүүхэдтэй адил маш их арчилгаа шаарддаг. Усалгааны ажил хийгдэхгүй л бол мод ургахад хэцүү. Тиймээс энэ жилээс эхлээд манай хамгаалалтын захиргааны газар болоод, Дарьганга сумын ЗДТГ-аас хамтран модны усалгааны асуудлыг шийдвэрлэхгүйгээр мод тариулахгүй байх зарчимыг барьж ажилласан. Үүнийхээ дагуу бид эхний ээлжинд аймгийн засаг даргад усалгааны машинтай болгож өгөх санал хүргүүлсэн. Энэ маань ч удалгүй биелэлээ олсонд маш их баяртай байна. Энэхүү машин бол ганцхан Ганга нуурыг хамгаалах ажилд бус сум орон нутгийн ногоон хөгжилд маш том хөрөнгө оруулалт боллоо...” хэмээн Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газрын дарга Д. Ариунцэцэг хэллээ.
Нуурын орчимд тарьсан нийт модны эзлэх талбай харьцангуй бага учир нэг машин хүрэлцээтэй гэнэ. Машины асуудал шийдэгдэхээс өмнө олон жилийн турш зөөврийн аргаар модоо усалж иржээ.
Т. Одончимэг 
関連ニュース