ӨМӨЗО-д суралцах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-17 23:22:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өвөр Монголын Эзнээ хошууны Монгол сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд Баянхонгор аймгаас 10 сурагч элсүүлэхээр болжээ. 
Эзнээ хошууны Монгол сургуульд  суралцах хугацаанд Монгол Улсаас элссэн сурагчдыг тусгай анги,  дотуур байраар хангаж, суралцах хугацааны бүх зардлыг  Эзнээ хошууны засгаас бүрэн хариуцах аж. Ирэх есдүгээр  сард 4 дүгээр ангид  орж байгаа 10-12 насны  хүүхэд элслүүлэх бөгөөд урлаг, спортын  авьяаслаг хүүхдийг эн тэргүүнд элсүүлнэ гэж байна.
Эзнээ хошууны Монгол сургуулийн бага ангид 3 жил суралцахдаа хятад хэл, монгол хэл, тоо бодлого, англи хэл, дуу хөгжим, зураг, биеийн тамир, компьютер зэрэг хичээл үзнэ. Дунд ангид 3 жил суралцахдаа хими, амьд бодис, дэлхийн газар зүй, бодисын зүй зэрэг хичээлүүдийг нэмэн сурч, 6 жилийн хугацаанд суралцсан байдлыг үндэслэж хятад хэлний  шалгалтад оролцуулж, 9 дүгээр анги төгссөн үнэмлэх олгох аж.
Сургуулийн бүртгэл болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс авах боломжтой юм байна.
Сонирхуулахад, Өвөрмонголын Эзнээ хошууны Есөн жилийн сургууль, бага дунд сургуулийг Монгол сургуульд нэгтгэн 2005 оны 11 дүгээр сарын 27- ны өдрөөс "Эзнээ хошууны монгол сургууль" хэмээн  нэрлэх болжээ. Тус сургууль 2006 оноос эхлэн Монгол улсаас гурван ээлжээр  50  гаруй сурагчийг хүлээн авч суралцуулан төгсгөсөн бол өдгөө тавдугаар  ангид 24 сурагч суралцаж байна.

                                                                                                                                 Б.Мөнхзул        

関連ニュース