АНУ-д ирж буй гадаадын нисэх онгоцуудыг нарийн шалгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН./BBC/. Гадаадаас ирж буй нислэгүүдэд хяналт тавихад чиглэсэн аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байгаагаа АНУ-ын эрх баригчид мэдэгдлээ. Эдгээр арга хэмжээ нь нисэх онгоцны бүхээгт тэсэрч дэлбэрэх бодис оруулах боломжийг хаах зорилготой юм.
Аюулгүй байдлын өргөжүүлсэн арга хэмжээ нь нисэх онгоцонд зөөврийн компьютер авч ороход хамаарахгүй ажээ.
Энэ оны 3 дугаар сард Турк, Марокко, Иордан, Египет, Арабын нэгдсэн Эмирт улс, Катар, Саудын Арави, Кувейт улсуудаас АНУ-д ирж буй нисэх онгоцны бүхээгт “гар утаснаас том овор хэмжээтэй цахим төхөөрөмж” авч орохыг хориглосон юм. Учир нь, ийм төхөөрөмжүүдэд тэсрэх бөмбөг нуусан байх магадлалтай ажээ.
Үүний сацуу аюулгүй байдлыг хангахад чиглэсэн шинэ арга хэмжээнд АНУ руу тээвэрлэлт хийдэг дэлхийн 105 орны нисэх онгоцуудад хийх үзлэг шалгалтыг чангатгах талаар тусгасан байна.
Нарийвчилсан үзлэг шалгалтад бэлтгэх боломж олгох үүднээс агаарын тээврийн компаниудад гурван сарын хугацаа өгсөн ба уг шаардлагыг хангаагүй тохиолдолд АНУ руу нислэг үйлдэхийг нь хориглох аж.
Ийм маягаар, дэлхийн 280 нисэх онгоцны буудлаас АНУ-д өдөр бүр ирж буй 2000 нислэгийн зорчигчдыг уг үзлэг шалгалт хамруулахаар болж байна.
О.Барс