G20-ийн уулзалтын өмнөхөн Гамбургт томоохон жагсаал боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-03 08:48:02
БЕРЛИН./TASS/. Ням гарагт Германы Гамбург хотын 8 000 гаруй хүн “Их-20”-ийн бодлогыг эсэргүүцэн жагссан тухай орон нутгийн цагдаагийн газар мэдээллээ. Харин жагсаал зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар 25 000 орчим жагсагч цугларсан аж.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид глобалчлалын үйл явцыг илүү шударга явуулах, экологийн стандартуудыг дээшлүүлэхийг шаардаж, АНУ болон Канадтай чөлөөт худалдааны бүс байгуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Жагсаалыг байгаль хамгаалах Greenpeace байгууллага, хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд зохион байгуулсан байна.

“Эсэргүүцлийн ажиллагаа тайван болж өнгөрсөн” гэж цагдаагийн газар мэдээлээд хүмүүсийг баривчлан саатуулсан талаарх мэдээлэл өгсөнгүй.

G20-ийн Дээд хэмжээний уулзалт Гамбург хотод 7 дугаар сарын 7-8-нд болох ба глобалчлалыг эсэргүүцэгчид, анархистууд болон бусад улс төрийн хүчнийхэн оролцсон томоохон эсэргүүцлийн жагсаал болж магадгүй байгаа тул хууль сахиулах байгууллагынхан үүнд бэлтгэлтэй байгаа ажээ. G20-ийг эсэргүүцсэн “G20 not welcome here” гэдэг нэртэй жагсаал 7 дугаар сарын 8-нд болох төлөвтэй байгаа ба түүнд ойролцоогоор 150 000 хүн оролцохоор байгаа юм.

Дээд хэмжээний уулзалт болох үеэр дэг журам сахиулах ажиллагаанд 20 000 гаруй цагдаа оролцох аж. Гамбург хотын нутаг дэвсгэрт хэв журам зөрчигчдийг саатуулах түр байруудыг бариад байгаа ба эдгээр байруудыг тохижуулахад улсын төсвөөс 750 000 евро зарцуулжээ.
О.Барс 
 

 

 




関連ニュース