Курдын отрядууд Ракка хотын эртний дүүрэгт нэвтрэн оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-04 13:09:53
ВАШИНГТОН./TASS/. “Сирийн ардчилсан хүчнийхэн” эвслийн зэвсэгт отрядууд АНУ тэргүүтэй холбоотон орнуудын агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр Сирийн Ракка хотын эртний дүүрэгт нэвтрэн орлоо. "Хуучин Ракка" хотыг “Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд булаан эзлээд байсан юм. Энэ тухай холбоотны цэргийн хүчний штаб мэдэгдлээ.  
 
“Лалын улс” бүлэглэлийн ширүүн эсэргүүцлийг дарсны эцэст Сирийн ардчилсан хүчний отрядууд Ракка хотын эртний дүүрэгт нэвтрэн орлоо. Холбоотны цэргийн хүчин хуучин хотын хүрээлсэн ханыг сэт цохисноор Сирийн ардчилсан хүчнийхэн “Лалын улс” бүлэглэлийнхний хамгийн хүчтэй бэхлэлт рүү дайрсан” гэж штабын мэдэгдэлд дурдсан байна.
 
Өмнө нь телевизийн “Аль-Арабия” сувгийн мэдээлж байснаар, Сирийн ардчилсан хүчний отрядууд өнгөрсөн хоногт “Лалын улс”-ын 34 террористыг устгасан байна. Харин өнгөрсөн 6 дугаар сарын хугацаанд Сирийн ардчилсан хүчнийхэн 77 хүнээ алджээ.
 
О.Барс   

関連ニュース