Задгайгаар тооцох усны үнийг гурав дахин нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-17 12:33:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Чандмань Баянхонгор" ХК тоолуургүй айл өрхийн усны үнийн тарифт өөрчлөлт оруулж, усны задгай хэрэглээг хязгаарлах ажлыг эхлүүлжээ.
Өмнө нь тоолуургүй өрхөд “Хүн-сар” буюу тухайн өрхийн нэг хүний сарын хэрэглээг ерөнхийлөн тооцож нэг хүн сардаа 1700 төгрөг төлж байсан бол одооноос “Хүн-литр” тарифийг мөрдөх бөгөөд тус үнийг гурав дахин нэмжээ. Ингэхдээ орон сууцны өрхийн нэг хүний өдрийн хэрэглээ 150 литр байдаг гэсэн судалгаанд үндэслэн тухайн өрхийн нэг хүний өдрийн хэрэглээг цэвэр усанд 100, бохир усанд 70 төгрөгөөр тогтоож, тухайн өрх хүний тоогоор сардаа 5100 төгрөг төлж байхаар тогтоосон байна.
Баянхонгор аймгийн орон сууцны айл өрхийг тоолууржуулах ажил 2014 оноос эхлэсэн бөгөөд нийт өрхийн 80 хувь нь тоолуур тавиулаад байгаа аж. Харин үлдсэн хувь нь тоолуур тавиулахаас зайлсхийдэг, усны зохисгүй хэрэглээндээ дадсан гэж хэлж болно. Тиймээс задгай тарифаар ус хэрэглэж буй айл өрхүүдэд дээрх арга хэмжээг авч байгаа юм байна.
                                                                                                                                        Б.Мөнхзул
関連ニュース