Венесуэльд гарсан хүчирхийллийг АНУ буруушаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-18 09:35:05
ВАШИНГТОН./TASS/. Венесуэлийн “Засгийн газрын танхай балмад этгээдүүд”-ийн зүгээс даваа гарагт тус улсын иргэдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийг АНУ эрс буруушаалаа. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Шон Спайсер сэтгүүлчдэд зориулан тогтмол хийдэг хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Засгийн газрын танхай балмад этгээдүүдийн зүгээс гэмгүй сонгогчдын эсрэг үйлдсэн хүчирхийлэл, Засгийн газар Венесуэлийн ардчиллыг бусниулах гэсэн оролдлогыг бид буруушааж байна. 7 дугаар сарын 30-нд Үндсэн хуулийн ассамблейг зарлан хуралдуулахаар товлосныг хүчингүй болгох мөн чөлөөт, шударга сонгууль явуулахыг бид дахин уриалж байна” гэж Ш.Спайсер онцлон тэмдэглэлээ.

“Өчигдөр явагдсан бүх нийтийн санал асуулгад Венесуэлийн ард түмэн маш өндөр ирцтэй оролцож, санал бодлоо тов тодорхой илэрхийлсэн явдалд бид баяр хүргэж байна. АНУ тус улсын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” хэмээн тэрбээр хэлжээ.

Ням гарагт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн улс төрийн өрсөлдөгчид ард нийтийн санал асуулгыг зохион байгуулсан юм. Шударга санал хураалтын баталгаа болж буй Венесуэлийн тэргүүлэх их сургуулиудын захирлуудаас бүрдсэн комиссын мэдээлснээр, ард нийтийн санал асуулгад нийтдээ 7 сая гаруй хүн оролцжээ. Бүх нийтийн санал асуулгад оролцогсдын 98 хувь гаруй нь "урьдчилан санал асуулга явуулалгүйгээр Үндсэн хуулийн ассамблейг зарлан хуралдуулахын" эсрэг саналаа өгчээ.

Гүйцэтгэх засаглалынхан сөрөг хүчнээс зохион байгуулсан санал асуулгыг хууль ёсны гэж үзэхгүй байгаа ба түүний дүнд эргэлзэж байгаа аж.
О.Барс 


 




関連ニュース