Хууль бусаар самар түүж байсан 63 иргэнийг уулнаас буулгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Архангай аймгийн байгаль орчны газар, Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Эрдэнэмандал суман дахь Сум дундын ойн анги, Жаргалант сумын байгаль хамгаалагч нартай хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалтын ажлыг Архангай аймгийн Жаргалант суманд хийжээ.
Шалгалтыг Жаргалант сумын Асайт багийн Дулаан ханын баруун хэсэг, Халзан даваа, Төт, Могойн даваа, Зуслан багийн Дулаан хан, Цуврай, Дунд нуруу зэрэг газруудад машин, мотоцикл, явган, морь зэргээр эргүүл хийж, хууль бусаар самар түүж байсан 63 иргэнийг уулнаас буулгаж, түүсэн самрыг хураан Ойн дагалт баялаг ашиглах журмыг танилцуулсан байна. Мөн дээрх хүмүүст ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага, тараах материал тарааж Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэ-мандал сумдын тамгын газар нарт хүлээлгэн өгчээ.
Б.Гэрэлт-Од