Хууль бусаар алт олборлохыг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-18 15:14:10
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Хяргас, Тариалан Өмнөговь сумдад ажиллаад ирсэн байна.

Тэд дээрх сумдын нутагт зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар газрын хэвлий хөндсөн, алт олборлох ажиллагааг эхлүүлсэн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, улмаар таслан зогсоож, албадан буулгах зорилготой явжээ. Энэ ажлын хүрээнд Хяргас сумын Ичээтийн голд үйл ажиллагаа явуулж байсан алтны уурхайн үйл ажиллагааг лацдаж зогсоосон байна.

Мөн Цагаан түнгэ гэх газар үйл ажиллагаа явуулж байсан “Цэрэнбадам” компанид заавар зөвлөгөө өгсөн аж. Үүнээс гадна Тариалан сумын Бургастай, Мээрэн, Бор хавцал, Өмнөговь сумын Орлогын голын чиглэлд хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан дөрвөн компани, 10 гаруй нөхөрлөл, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, арга хэмжээ авсан байна.

Энэ үеэр бичил уурхай эрхлэгчдэд хандаж аюулгүй ажиллагаа, байгаль орчны чиглэлээр заавар зөвлөгөө, хугацаатай албан шаардлага зэргийг өгчээ.
Б.Замбал
関連ニュース