Баянхонгор аймгийн бүх сум эрчим хүчинд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 16:55:54

Галуут сумын Мандалын баг саяхан эрчим хүчинд холбогдсоноор Баянхонгор аймгийн бүх сумд эрчим хүчинд холбогдлоо.

Галуут сумын Мандалын багийг 15 квт-ын Цахилгаан дамжуулах агаарын шугамд холбогдоход нийт 448 сая төгрөгийн хөрөнгө оржээ. Үүний 200 сая төгрөг нь сумын төсвийн хөрөнгө оруулалт бол 248 сая төгрөг нь аймаг сумын орон нутаг хөгжүүлэх сангийн мөнгөөр бүрдсэн байна.

Улаанбаатар хотоос 800 орчим км, Баянхонгор аймгийн төвөөс 120 гаруй км зайд байрлах Мандалын баг эрчим хүчинд холбогдсноор хөдөөгийн иргэд нь багтаа  суурьших хүсэлтэй болж нутгийн уугуул иргэд нь Улаанбаатар хотоос эргэн ирж байгаа ач холбогдол гарч эхэлж байгааг албаныхан хэлж байна.

Сонирхуулахад, Тус багийн нутагт Чин сүжигт Номун Ханы түүхэн дурсгалт хийд байрладаг ба Мандалын бага сургууль үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой юм. Байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газар нутаг, аймгийн төвтэй ойр байрладаг, Түүхэн дурсгалт сүм хийдийн газар зэрэг нь орон нутгийн жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгаа өсгөх давуу тал бий болгох боломжтой. Одоогоор тус баг 240 гаруй өрх, 900 гаруй хүн  амтай.

Б.Мөнхзул

 

関連ニュース