Гурванбулагийн сургууль гавьяат багш Б.Даваасүрэнгийн нэрэмжит боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-05 10:48:58
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын есөн жилийн сургуулийн хамт олон, ард иргэдээс сургуулиа нутгаас төрөн гарсан боловсролын сайдынхаа нэрэмжит болох хүсэлт гарч, улмаар сумын ИТХ-аараа хэлэлцэн тогтоол гарган аймгийн ИТХ-д ирүүлжээ. Тус тогтоол болон тодорхойлолтыг үндэслэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид авч хэлэлцээд тус сургуулийг Монгол Улсын Гавьяат багш Бямбын Даваасүрэнгийн нэрэмжит болгох тогтоолыг баталсан байна.
Монгол Улсын Гавьяат багш Бямбын Даваасүрэн боловсролын салбарт тасралгүй 44 жил, ардын боловсролын орлогч болон жинхэнэ сайдаар нийт 12 жил ажилласан байдаг. Тэрээр Гурванбулагийн дунд сургуулийн анхны төгсөгчдийн нэг аж.
Б.Даваасүрэн Баянхонгор аймагт математикийн багш, хичээлийн эрхлэгч, сургалт заах аргын кабинетийн анхны эрхлэгчээр ажиллаж байгаад сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд урилгаар дэвшин ажиллаж, Орлогч захирал, Захирал, Гэгээрлийн яамны орлогч сайд, Ардын боловсролын сайд, УБДС-ийн тэнхимийн эрхлэгч зэрэг удирдах албан тушаалыг хашиж байжээ. 
Ийнхүү уугуул нутгийнх нь сургууль 77 дахь хичээлийн шинэ жилээрээ өөрийн нутгаас төрөн гарсан Гавьяат багш, доктор, профессор Бямбын Даваасүрэнгийн нэрэмжит боллоо.
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 9 жилийн сургууль 2017-2018 оны хичээлийн жилд нийт 27 багш ажилчинтай, 335 суралцагчтайгаар хичээллэнэ.
Сонирхуулахад, Гавьяат багшийн гэр бүл, ахан дүүс нэгдэж тус сургуулийн нэг танхимыг бүрэн засварлан тохижуулж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан байна.

                                                                                                                                                   Б.Мөнхзул

関連ニュース