Тэтгэлэгт хөтөлбөрийн батламжийг энэ долоо хоногт гардуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад тэтгэлгийн батламжийг энэ сарын 8-ны дотор гардуулж, сургалтын төлбөрийн тэтгэлгийн 50 хувийг дансанд шилжүүлэхээр болжээ. Үлдсэн 50 хувийг нэгдүгээр сард шилжүүлхээр төлөвлөсөн байна.
Тэтгэлэг олгох журамд заасан тодорхой шалгууруудыг хангасан 71 оюутанд тэтгэлэг олгохоор болсон бөгөөд анх сургалтын төлбөрийн тэтгэлэгт 100 сая төгрөг олгохоор төлөвлөж байсан бол тус төслийг санхүүжүүлэгч байгууллагаас 20 сая төгрөгийг нэмж олгохоор болжээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, М.Билэгт, аймгийн ИТХ, Засаг даргын санаачилгаар орон нутгийн өмчит “Корундгео” ХХК-ний санхүүжилтээр сургалтын төлбөрийн тэтгэлэгт эхний жилдээ 120 сая төгрөг олгохоор болсон байна.
Тэтгэлэгт хамрагдах суралцагчдыг Монгол Улсын их дээд сургуулийн бакалаврын ангид анх удаа, өдрийн ангид элссэн байх, ЭЕШ-д дундаж оноо 600-аас дээш авч, орон нутагт чухал шаардлагатай чиглэлээр суралцаж байгаа, суралцах мэргэжлийнхээ онцлог өнөөгийн хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлох чадвартай, Амьжиргааны түвшингээр 502, 567 онооноос доош оноотой өрхийн тэтгэлэг олгох журамд заасан тодорхой шаардлага хангасан оюутан, гурван хүүхэд нь зэрэг оюутнаар суралцаж байгаа айл өрхийн нэг хүүхдэд зэрэг хэд хэдэн шалгуураар сонгожээ.
Сонирхуулахад, ЕБС-ийг “А” үнэлгээтэй төгссөн оюутанд сургалтын төлбөр 100 хувь олгогдох бол тэтгэлэг олгох журмын шаардлага хангасан, тэтгэмж авах хүсэлтээ ирүүлсэн бусад хүүхдүүдүүдийг ЕБС төгссөн үнэлгээ, ЭЕШ-ын дундаж оноогоор байр эзлүүлэн, тухайн жилд хуваарилагдсан санхүүжилтэд багтаан сургалтын төлбөрийн 50-70 хувийн тэтгэлгийг олгох юм байна.
Б.Мөнхзул