Үерийн усны улмаас эвдэрсэн замуудыг засчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн зам засварын ажил сар гаруйн хугацаанд, 85 сая төгрөгний төсөвт өртгөөр хийгдэж, үерийн усны улмаас эвдэрсэн замуудыг засах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Зам засварын ажлын хүрээнд 2.500м кв талбайд нөхөөс тавьж, шороон замын ажил 100.000 м3 талбайд, унадаг дугуйн зам 800метр, явган хүний зам 600метр, замын бордур 940 метрийг шинээр хийсэн байна.
2017 онд Баянхонгор аймгаас Байдрагийн гүүр хүртэлх чиглэлийн 129.4 км авто замыг “Шанхай Констракшн” групп тавьж байгаа бөгөөд тус замын далангийн ажил хийгдэж дуусчээ. “Шанхай Констракшн” группийн Баянхонгор аймагтай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу аймгийн төвд 2.5 км замыг орон нутгийн "Их Богд Зам" ХХК-иар гүйцэтгүүлэхээр болсон. Тус 2.5 км автозам тавих ажил наймдугаар сараас эхэлсэн, ажлын гүйцэтгэл үргэлжилж байна. 1.7 тэрбум төгрөгний төсөвтэй тус зам нь аймгийн төвд хэсэгчилж тавигдаж буй.
Мөн аймгийн зүгээс орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1 км автозамыг 370 орчим сая төгрөгөөр нэмж хийлгэхээр төлөвлөжээ.
Б.Мөнхзул