Эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-06 11:54:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 10 ортой хүн эмнэлгийн барилга 2008 онд ашиглалтад орсон бөгөөд эхийн амрах байр, чийрэгжүүлэх танхимгүйгээр баригдаж байжээ.

Сум орон нутгийн зүгээс эдгээр байруудыг нэмэлтээр бариулах  шаардлагатай байгаа хүсэлтээ энэ жил аймагт тавьсанаар 87 сая төгрөгөөр эмнэлэгт өргөтгөл барихаар шийдвэрлэсэн. Барилгын ажлыг орон нутгийн “Баян Товгор” хоршоо долдугаар сарын 25-наас наймдугаар сарын сүүлч хүртэл барьж гүйцэтгэн  улсын комисст хүлээлгэн өгөөд байна.

Тус эрүүл мэндийн төв нь нэг их эмч, ээлжийн дөрвөн сувилагч, вакцинатор, дөрвөн багийн эмч, нийгмийн ажилтан, тогооч, галч зэрэг 25 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг аж.
Уулархаг бүс нутаг болохоор артерийн даралт ихсэх өвчин зонхилон гардаг ба сүүлийн жилүүдэд харвалт эрс нэмэгджээ. Гурванбулаг сумын эмнэлэгт  жилдээ 120-150 өвчтөн хэвтэн эмчлүүлдэг байна.

Өргөтгөл ашиглалтад орсоноор дан өвчтөн гэлтгүй сумын иргэд цаг заваараа  чийрэгжүүлэх танхимд хөдөлгөөнөөр эрүүлжих боломжтой бол эх хүүхэд зориулалтын тохитой байранд сувилуулах боломжтой болж байгаа юм.

Сонирхуулахад, тус эмнэлэг нутгийн иргэдийн хандиваар 3.5 сая төгрөг цуглараад байгаа ба түүгээрээ нэн даруй хэрэгцээтэй байгаа зарим багаж төхөөрөмжөө авахаар болжээ. Мөн багийн эмч нараа унаатай болгохоор хөөцөлдөж байгаа аж. 

                                                                                                                           Б.Мөнхзул

関連ニュース