Д.Трамп: Умард Солонгостой ярьж хэлэлцэх цаг хугацаа дууссан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-07 08:13:00
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй-д хандан хэлэхдээ "Умард Солонгостой ярьж хэлэлцэх цаг хугацаа дууссан" гэжээ. Энэ тухай лхагва гарагт хоёр орны удирдагчид утсаар ярилцсаны дараа хийсэн Цагаан ордны хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

Пхеньян устөрөгчийн бөмбөг туршсан талаарх асуудлыг тэд хөндөн ярилцжээ. “Умард Солонгосын хамгийн сүүлд хийсэн хариуцлагагүй үйлдэл нь олон улсын хамтын нийгэмлэгийг Умард Солонгосын өсөн нэмэгдэж буй заналхийллийг сөрөн зогсоход улам шийдвэр төгс болгож байна" гэдэг дээр тэд санал нэгджээ.

Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ "одоо үе бол Умард Солонгостой ярилцаж байх цаг биш, иймээс АНУ болон түүний холбоотнуудыг Умард Солонгосын түрэмгийллээс хамгаалах бүх хувилбаруудыг авч хэлэлцэж байна” гэж мэдэгджээ.

Д.Трамп, Т.Мэй хоёр “Умард Солонгост дипломат болон эдийн засгийн шахалтаа улам нэмэгдүүлэх талаар нягт хамтран ажиллах, мөн бусад орнуудыг ийм алхам хийхэд уриалахаар тохиролцсон” болохыг Цагаан ордны дээрх мэдээлэлд дурджээ.  

Умард Солонгосын тал ням гарагт тив алгасах баллистик пуужингийн цэнэгт хошуу болгон ашиглах боломжтой устөрөгчийн цэнэгийг амжилттай туршсанаа зарласан юм.
О.Барс 
 

 

 


関連ニュース