Умард Солонгосын тал АНУ болон Японд заналхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-08 08:29:28
ПХЕНЬЯН./NHK/.Саяхан зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн Пхеньяны эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барихаар зэхэж буй Япон болон АНУ-ыг заналхийлсэн агуулга бүхий мэдэгдлийг Умард Солонгос гаргажээ.

Умард Солонгосын Ази-Номхон далайн энх тайвны хороо пүрэв гарагт мэдэгдэл хийсэн байна.

Уг мэдэгдэлд “Эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын стратегийн цөмийн хүчин бий болгох санаачилгын хүрээнд өнгөрсөн ням гарагт манай улс зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн. Устөрөгчийн бөмбөг туршсаны цаадах утга болоод бидний энэ туршилтаар илгээсэн анхааруулгыг үл тоомсорлож, манай улсын эсрэг хориг арга хэмжээ авч, шахалт үзүүлсээр байвал АНУ маш хатуу бөгөөд тэсвэрлэшгүй хариу арга хэмжээтэй нүүр тулгарах болно” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “Япон тийм ч удаан АНУ-ын гар, хөл болж чадахгүй. Манай улсын эсрэг хориг арга хэмжээ авах гэсэн гэмт үйлдэлд нэгдэхээ Япон хэзээ зогсоохыг бид хүлээж байна” гэсэн байна.
Г.Доржханд




関連ニュース