Г.Ганболд: Угаасан ноосоо борлуулах аргаа мэдэхгүй л байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-04 17:57:44
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат суманд ноосны үйлдвэр ашиглалтанд орлоо. Орон нутагтаа багагүй ажлын байрыг бий болгосон тус үйлдвэрийн захирал Гүрпүрэвийн Ганболдтой ярилцлаа.

-Ноос угаах үйлдвэрийг барихад хэдэн төгрөгийн хөрөнгө гарсан бэ?
Г.Г: Ноосныхоо үйлдвэрийг өөрийн хөрөнгө болон жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авч барьсан. Одоо бүх юмтайгаа нийлээд 2 тэрбум төгрөгийг зарцуулчихаад байна.

-Та тоног төхөөрөмжөө хаанаас оруулж ирсэн бэ?
Г.Г: Хятадын Шанхай хотоос оруулж ирсэн байгаа.      

-Үйлдвэр хэдэн м2 талбайтай вэ? Их том харагдаж байсан?
Г.Г: Манай үйлдвэр нэг га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа.

-Одоо хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа вэ?
Г.Г: Одоо хоёр ээлжинд 24 хүн ажиллаж байна. Тэгээд жолооч, бохир зайлуулах ажилтан гээд нийт 30-аад хүн ажиллаж байна даа. Ноос авах, ялгах гээд ажил ихтэй үед бол 50-60 хүн ажиллуулдаг. Түр ажлын байраар шүү дээ. Ирэх жилээс ажил ихсээд ирнэ. Тэр үед гурван ээлжтэй болж, нэг ээлжиндээ 12 гээд нийт 36 хүнийг ажлын байраар хангах боломжтой болно. Бид нар ажилчдаа тогтвортой байлгах үүднээс эхний ээлжинд нийгмийн даатгалд хамруулж байна. Мөн цалингийн урамшууллын системийг ашиглаж байгаа.



-Ноос угаах үйлдвэрийн хүчин чадал нь ямар вэ?
Г.Г: Хүчин чадал нь ажлын 8 цагт 11 тн бохир ноос орж 5 тн цэвэр ноос гаргадаг.

-Ноосоо малчдаас хэдээр үнэлж авч байна вэ?
Г.Г: Энэ зун ноосны үнэ нэлээд өссөн шүү. Доод үнэ нь 1000 төгрөг байгаа. Би бас ноосоо тэгж авсан. Өмнө нь 450-500 төгрөгөөр авдаг байсан юм билээ. Үйлдвэр байгуулагдсанаар малчдын хонины ноосны үнэ өссөн. Төр засгаас өгдөг ноосны урамшуулалтайгаа нийлээд 3000 төгрөг болсон гэсэн үг.

-Танайд ноосны нөөц хэр байна?    
Г.Г: Ер нь бол авсан ноосоо угаагаад дууссан. Энэ жил ноосоо сайн авч чадаагүй ээ. 80 тн ноос авсан. Ирэх жил бүх юмаа бэлэн болгочихоод албан ёсоор нээлтээ хийнэ гэж бодож байгаа.

-Ноосоо яаж борлуулах гэж байна. Аймаг, сум орон нутгаас хэр дэмжиж байгаа вэ?
Г.Г: Ноосоо хааш нь яаж борлуулахаа мэдэхгүй л байна. Өнөөдрийн байдлаар ямар ч гарцгүй л байна. Сумын удирдлагын зүгээс эрэл сурал тавьж ноосоо борлуулах гарц олж өгч дэмжинэ гэсэн. Бид өөрсдөө ч гэсэн бас зүгээр суухгүй л байна.

 -Ярилцсанд баярлалаа.
 

Б.Гэрэлт-Од
関連ニュース