Галуут суман дахь уурхайн гэр, техник хэрэгслийг албадан буулгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгтийн 3 дугаар багт үйл ажиллагаа явуулахаар зэхээд байсан “Тулга жаргалант” ХХК-ийн гэр болон техник хэрэгслийг албадан нүүлгэх тухай Засаг даргын захирамж гарсан бол аймгийн ИТХ-ын тогтоолоор Их дугуй хэмээх газрыг аймгийн тусгай хамгаалалтад авлаа.
Үнэгтийн 3 дугаар багийн үзэсгэлэн төгс байгальтай, ховор ан амьтадын гол бэлчээр нутаг болох Их дугуй гэх газар алт олборлохоор зэхээд байсан “Тулга жаргалант” ХХК нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан юм. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ажиллахаар энэ сарын 7-нд тус сумыг зорьсон юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, Тулга жаргалант ХХК-нийн техник хэрэгсэл болон гэрүүдийг татан буулгаж нүүлгэх арга хэмжээг авсан байна.
Б.Мөнхзул