Баянхонгор аймгийн 80 хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэхээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-12 21:19:20
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 20 сумын 94 багийн хэмжээнд бэлчээрийн төлөв байдлын ажиглалт судалгааг хийж, 2017-2018 оны  өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаа, зураглалыг гаргажээ.
Судалгаа шинжилгээний дүнд аймгийн нийт газар нутгийн 80 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хүндрэхээр байгааг албаныхан мэдээллээ. Харин 20 хувьд /Баянбулаг, Байдраг, Гурванбулаг сумын ихэнх баг/ өөрийн сум багтаа өвөлжиж, хаваржих боломжтой гэсэн цаг уурын байгууллагын дүгнэлт гарсан байна.

Өнөөдрийн байдлаар өөрийн аймгийн бусад сумын нутагт 720 өрхийн 386.9 мянган мал, өөр аймгийн нутагт 120 өрхийн 33.9 мянган мал, Тусгай хэрэгцээний бүс нутаг буюу Бор аргалантад 20 өрхийн 26 мянган мал намаржиж байна. Мөн хилийн зурвас газар буюу Сэгс цагаан Богд, Их говийн дархан цаазат газарт 171 өрхийн 111 мянган мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутаг буюу Богд уул, Их халбагантад 449 өрхийн 208 мянган мал тус тус отор нүүдэл хийхээр урьдчилсан тооцоо гарчээ.
Сонирхуулахад, Жанжин штабын дарга, Улсын ОБЕГ-ын хамтран ажиллах гэрээнд цаг хүндэрсэн, гамшгийн үед хамтран ажиллаж хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах талаар тусгасан байдаг. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги техник, хүн хүчний байнгын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар аймгийн Онцгой байдлын газарт ЗИЛ-131 машин нэг, ГАЗ-66 машин хоёр, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид  ЗИЛ-131 машин хоёр, ГАЗ-66 машин хоёр, Урал автомашин тус тус хэвийн ажиллагаатай бэлэн байна. 
                                                                                                                                                    Б.Мөнхзул
関連ニュース