Халагдсан цэргүүдэд мэргэжил эзэмшүүлж, ажилд зуучилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-17 11:32:23
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас 2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар албаа хаасан эрс халагдаж ирлээ. Тэднийг Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, ЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын комиссын дарга Ц.Дашцэрэн, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхбаатар тэргүүтэй албаны төлөөлөл, эцэг эх, найз нөхөд нь тосов.
Өмнөговь аймгийн Овоотын цэргийн ангид эх орныхоо дархан хилийг амжилттай хамгаалаад нутагтаа ирсэн  эдгээр 100 гаруй цэрэг шиг он оны халагдсан цэргүүдээ цаашид ажилтай, орлоготой, мэргэжил эзэмшүүлэх чиглэлд Баянхонгор аймаг 2016 оноос эхлэн онцгой анхаарах болсон юм. Тухайлбал, энэ онд халагдан ирж буй цэргүүдэд аймгийн ЗДТГ, ХХҮГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Политехникийн коллеж, “Насан туршийн боловсролын төв” зэрэг байгууллагууд хамтран 1-3 жил хүртэлх ажил, мэргэжлийн сургалтыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх, ажлын байранд зуучлах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.
Дипломын боловсрол хүртэл эзэмших боломжтой эдгээр сургалтуудад хамрагдсанаар цэргүүд өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа ажил мэргэжлийг эзэмших боломжтой болж байна. Мөн Баянхонгор аймгийн ХХҮГ-т ирсэн ажлын байрны захиалгын дагуу ажилд орох боломжууд нээлттэй байгаа аж.
Энэ үеэр халагдаж ирсэн цэргүүдэд аймгийн Засаг дарга Г.Батжаргалын дурсамжийг бичиг баримтын хамтаар гардууллаа.
                                                                                                                        Б.Мөнхзул
関連ニュース