Японы эрх баригч эвсэл парламентын сонгуульд ялах магадлал тун өндөр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-22 22:41:27
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Өнөөдөр болсон Японы парламентын доод танхимын ээлжит бус сонгуульд Ерөнхий сайд Шинзо Абэгийн Либерал Ардчилсан нам /ЛАН/ ялах магадлал тун өндөр байна гэж тус улсын эх сурвалжууд мэдээлж байна.

Ажиглагчдын тооцоогоор, ЛАН ба Комэйто намаас бүрдсэн эрх баригч эвсэл парламентын доод танхимын суудлын гуравны хоёрыг хангалттай авахаар байгаа аж.

Тус улсын “Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, ЛАН дангаараа 255-300 суудал авахаар байна. Харин ЛАН болон Комэйто нам нийтдээ 281-336 суудал авч чадахаар байна. Парламентад аль нэг нам, эвсэл олонхи болохын тулд 233-аас цөөнгүй суудал авсан байх ёстой.

Харин Үндсэн хуулийн ардчилсан нам болон Токио хотын захирагчийн байгуулсан Итгэл найдварын нам гэсэн хоёр намын аль нь хамгийн том сөрөг хүчин болохыг урьдчилан хэлэхийн аргагүй байна гэж ажиглагчид хэллээ. Хоёр нам хүч тэнцүү байгаа аж. Гэхдээ Үндсэн хуулийн ардчилсан нам 44-67 суудал, Итгэл найдварын нам 38-59 суудал авч магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Тус улсын парламентын доод танхимын 465 суудлын төлөө 1180 нэр дэвшигч өрсөлджээ.

Сонгуулийн дүн даваа гарагийн өглөө гэхэд үндсэндээ тодорхой болно.

Г.Доржханд
関連ニュース