Аргентины парламентын сонгуульд засгийн газрыг дэмжигч хүчнүүд ялах магадлалтай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-10-23 11:46:09
БУЭНОС-АЙРЕС. /ТАСС/. Аргентины парламентын сонгуульд засгийн газрыг дэмжигч хүчнээс нэр дэвшигчид тус улсын нийслэл болон томоохон бүс нутгуудад ялж байгаа нь Аргентины Сонгуулийн ерөнхий хорооноос нийтэлсэн сонгуулийн урьдчилсан дүнгээс харагдаж  байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
“Өөрчилцгөөе” эвсэл болон засгийн газрын талыг баримтлагч бусад эвслээс депутатад нэр дэвшигчид Буэнос-Айрес, Кордова, Санта-Фе, Мендоса зэрэг мужид тэргүүлж байгаа аж. Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макрийг дэмжигчдийн Сенатад нэр дэвшигчдийн жагсаалт парламентын дээд танхимын сонгуулийн санал хураалт явагдсан 8 бүс нутгийн тавд нь ялж байгаа ажээ.
 
Энэ сонгуулийн дүнгээр Депутатуудын танхимын 257 суудлаас 127 нь шинэчлэгдэх бол Сенатын 72 суудлаас 24 нь шинэчлэгдэх юм байна. Засгийн газрын талыг баримтлагчид ялж байгаа хэдий ч парламентад үнэмлэхүй олонхи болж чадахгүй юм. Одоогийн байдлаар тус улсын Конгрессын хоёр танхимын алийг нь ч аль нэг нам дангаар хянадаггүй ажээ.  
Л.Батбаяр
関連ニュース