Жолооч нарыг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг сануулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут, Гурванбулаг сумд болон зүүн зүгийн нутгаар цас орж, зарим хэсэгт цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул нийт жолооч нарыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Мөн онцын шаардлагагүй тохиолдолд дурьдсан нутгууд руу энэ сарын наймныг хүртэл зорчихгүй байхыг зөвлөж байна.
Орон нутагт үргэлжлэн орж буй цасны улмаас зам, даваанд хальтиргаа гулгаа ихээр үүсч даваа давахад хүндрэлтэй болох, тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөх, хаагдах зэрэг нөхцөл байдал үүсч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг мөн сэрэмжлүүлэв.
Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг аймгийн Автотээврийн газраас сануулж байна.
Б.Мөнхзул