Сонгуулийн дараа Каталонид амгалан тайван байдал эргэн ирнэ гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-13 11:30:22
БЕРЛИН. /ТАСС/. 12 дугаар сарын 21-нд явуулахаар товлосон сонгуулийн дараа Каталони мужид тайван байдал эргэн ирнэ гэж үзэж байгаагаа Испанийн Засгийн газрын тэргүүн Мариано Рахой ням гарагт германы “Handelsblatt” сонинд ярилцлага өгөхдөө илэрхийлснийг ТАСС агентлаг уламжлав.

“Сонгуулийн дараа Каталони мужид тайван байдал сэргэж, эвтэй сайхан зэрэгцэн орших эрин үе тогтоно гэдэгт итгэлтэй байна. Каталонийн салан тусгаарлах үзэлтнүүд дэмжлэгээ алдана. Тэд амлалтаа биелүүлж чадахгүй байгааг Каталонийн оршин суугчид харлаа. Европын орнууд тэднийг дэмжинэ гэж тэд амласан боловч нэг ч улс Каталонийн тусгаар тогтнолыг дэмжээгүй. Испаниас салан тусгаарласнаар эдийн засгийн сөрөг үр дагаварт хүрэхгүй гэж амласан ч 2 мянга гаруй компани Каталонийг орхилоо” гэж Испанийн Ерөнхий сайд хэлсэн байна.

“Каталонийн тусгаар тогтнолыг дэмжигчид орон нутгийн шинэ парламентад олонхи болсон тохиолдолд Испанийн засгийн газраас хэрэгжүүлэх “Б” төлөвлөгөө гэж байхгүй. Харин манай цорын ганц төлөвлөгөө бол Каталонийн засгийн газар хуулийг дагаж мөрддөг байдлыг хангах явдал юм" гэж Мариано Рахой цохон тэмдэглэжээ.
Э. Аянзаяа
関連ニュース