Багийн Засаг дарга нарт зөөврийн компьютер олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Сумдын орлогч болон багийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэлийн сургалтын үеэр албан хэрэгцээнд нь зориулж Багийн дарга нарт зөөврийн компьютер олголоо. Мөн үеэр багийн дарга нарыг ирэх онд 100 хувь унаажуулахаа аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Дашцэрэн албан ёсоор мэдэгдсэн байна.
Баянхонгор аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан сумдын орлогч болон багийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэлийн сургалт хоёр өдөр үргэлжилсэн юм. Энэ үеэр ЗДТГ-ын бүх хэлтсийн дарга нар холбогдох хууль тогтоомжоор сумдын орлогч болон багийн дарга нарт мэдээлэл сургалт явуулж мэдлэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулжээ. Мөн аймаг орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил байдалтай танилцуулах арга хэмжээг Цэргийн Штабаас зохион байгуулсан байна.
Аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь сумдын орлогч болон багийн дарга нарт хандаж эрхээ эдлэхээсээ өмнө үүргээ сайтар ухамсарлаж, бүх үйл ажиллагаагаа хуулийн хэм хэмжээнд иргэдийн нийтлэг эрх ашгийн өмнөөс амжилттай сайн гүйцэтгээрэй гэдгийг захилаа.
Б.Мөнхзул