"Баянхонгорт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа маргааш нээгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-16 16:11:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Баянхонгорт үйлдвэрлэв" бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Баянхонгор сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулахаар болжээ.
Энэ сарын 17,18-ний өдрүүдэд аймгийн Хөгжимт драмын театрт болох тус үзэсгэлэн аймгийн хүнсний салбарын бүтээгдэхүүн, гар урлал, жижиг дунд үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийнх нь үнээр худалдан авах боломжтой. Галуутын цагаан бурам, Бууцагааны тэмээн таваган ааруул, говийн бор ааруул, ингэний хоормог, сарлагийн өтгөн сүү, хэнз зөөхий, тогооны шинэхэн өрөм, уулын зэрлэг сонгино тэргүүтэй брэнд бүтээгдэхүүнүүд мөн өдрүүдэд худалдаалагдана. Мөн гар урлал, бэлэг дурсгалын зүйлүүд өргөнөөр худалдаалагдах юм.
Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй газар тариалан эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, нөхөрлөл, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж мөн өдрүүдэд худалдан авалт хийхийг зохион байгуулагч байгууллагууд уриалж байна.
                                                                                                        Б.Мөнхзул

関連ニュース