Шинэ толь бичгийн талаар мэдээлэл өгч, багш нарын саналыг сонслоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүмүүс өөр өөрийнхөөрөө бичээд сурчихсан, тэр нь өөр хэн нэгнийхтэй таарахгүй тохиолдолд миний багад ингэж заасан, үг үсгийн дүрэм өөрчлөгдсөн гэх зэргээр сүүлийн жилүүдэд "багагүй" маргаан үүсэх болсон. Ийм тохиолдолд тухайн эргэлзээтэй үгийг тогтсон толь бичигт хэрхэн бичсэн байгаагаар шийдэх нь хамгийн оновчтой шийдэл болохыг мэргэжилтнүүд хэлж байна.
Тиймээс ч улирагч онд кирил бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилсан журамласан толийг дахин гаргах ажлын хэсэг байгуулагджээ. Тухайн ажлын хэсгийн гишүүн, "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч Б.Элбэгзаяа өнөөдөр Баянхонгор аймагт ажиллалаа.
Тэрээр, тус аймгийн төвийн сургуулиудын монгол хэл бичгийн багш нартай уулзаж, хэлний бодлогын үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа болоод тухайн толь бичгийн талаар мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонсож, судалгаа авсан юм.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд зохиосон Монгол үсгийн дүрмийн тольд хавсаргасан Монгол үсгийн дүрмийг дагаж мөрдөхөөр шийдвэрлэж тогтоол гаргасан байдаг. Зөвлөл тус тогтоолын дагуу Монгол хэлний зөв бичих дүрэмд нийцүүлэн журамласан "толь бичиг"-ийг нэмж дэлгэрүүлэн 56 мянган үгийн сантайгаар бүх нийтийн хэрэглээнд зориулан шинээр гаргахаар болсон юм байна. Шинээр гарах толь бичиг нь хэвлэмэл номоос гадна орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн гар утасны аппликэйшн, цахим толийн сонголттойгоор нийтийн хүртээл болох аж.
Уулзалтын үеэр багш нарын хувьд тус толь бичиг хийх ажил цагаа олсон зүйл болохыг хэлээд, хурдан нийтийн хэвшил болгохыг хүслээ. Мөн Ерөнхий боловсролын сургуульд заах монгол хэл, монгол бичгийн цагийг нэмэх, 12 дугаар ангид заадаг болох талаар саналаа хэлж байв. "Одоогийн хичээлийн программд 6-11 дүгээр ангид монгол бичгийг зааж байгаа нь учир дутагдалтай. Төгсөх ангийн сурагчид ЭЕШ-д ороход монгол бичгийн мэдлэг сорих тест ирдэг. Сүүлийн нэг жилдээ тухайн хичээл тасалдчихаар тус шалгалтад хүүхдүүд хүссэн оноогоо авч чадахгүй байх нөхцөл үүсээд байна" гэдгийг онцолж байв.
2011 онд кирил бичгийн бичлэгийн стандартыг тогтоож, нийт 700 үгийн бичлэгийг журамласан байдаг ч зарим эргэлзээтэй үгс өнөөг хэр байгааг эцсийн байдлаар тус толиор шийдэх юм байна. Журамласан толийг гаргаснаар Монгол үсгийн дүрмийг нийтээрээ нэг мөр дагаж, мөрдөх боломж бүрдэх юм.
Б.Мөнхзул