Аймгийн засаг дарга элчин сайдуудтай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-24 16:45:46
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга З.Энхтөр энэ сарын 13-наас 17-ны өдрүүдэд Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудтай уулзжээ. Тодруулбал, Бүгд найрамдах Энэтхэг, Канад, Унгар, Чех, Австрали улсын элчин сайдуудтай албан ёсны уулзалт хийж, аймгийн хөгжлийн онцлог, цаашдын бодлого зорилт болон  хамтран ажиллах салбаруудын талаар санал солилцсон байна.
 
Уулзалтын үр дүнгээс дурдвал, Бүгд найрамдах Энэтхэг улсын элчин сайд Суреш Бабуг төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх ITEC сургалт болон хэрэгжих боломжтой бодит төслийг санхүүжүүлэхэд хамтран ажиллах боломжтойгоо мэдэгджээ. Унгар улсын элчин сайд Галошфаи Михай Матиаш тус аймагт “Сүхбаатар-Хөгжил” үйлдвэрлэл технологийн парк байгуулагдсаныг сайшаагаад цаашид Унгар улсын ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах, техник технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, хөрөнгө оруулалтын салбарт, Канадын элчин сайд Дэвид Уиллиам Спрул уул уурхайн салбарын бүс нутагт бий болгох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах, Австрали улсын элчин сайд Жон Лангтриг эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт богино хугацаанд үр дүнтэй хэрэгжих төслийн хүрээнд хамтран ажиллах боломжтойг онцолжээ.
Т.Одончимэг
 
関連ニュース